Menu

Монгол францын археологийн нээлтүүд: хорин жилийн хамтын ажиллагаа

Монгол францын археологийн нээлтүүд: хорин жилийн хамтын ажиллагаа

МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД: ХОРИН ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА. Эрхлэн хэвлүүлсэн Ц.Төрбат, П.-Х.Жискар. – ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн. – УБ., 2015. – 22 х.х.

Монгол улс ба Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол, Францын археологийн хамтын ажиллагааны 20 жилийн ойд зориулан 2015 оны 6-р сарын 18-наас 9-р сарын 1-ний хооронд “МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД: ХОРИН ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

 

Монгол-Францын археологийн хамтын ажиллагаа нь тус улсын бүх газар нутгийг хамарсан төдийгүй, түүхийн бүх үеийг хамарснаараа онцлог юм.Энэхүү үзэсгэлэнд 1994 оноос хойн Монгол, Францын хамтарсан экспедицүүдийн судалсан 19 дурсгалт газраас илрүүлсэн 5000 (үүний 4000 гаруй нь чулуун зэвсэг болно) орчим олдвороос дээжлэн 50 багц 300 орчим олдворыг тавьж үзүүлжээ. Эдгээрийн 50 гаруй хувь нь анх удаа олон нийтэд толилуулж буй бөгөөд мөн олон хосгүй үнэт олдворууд багтсан байна.

Энэхүү каталогийг тус үзэсгэлэнтэй хавсарган гаргасан бөгөөд судалгааны өгүүлэлүүд ба олдворуудын каталогийг багтаасан болно. Францын судлаач, профессор Э.Крюбезы, П.-Х.Жискар, доктор С.Лепец, Монголын судлаач доктор Ц.Төрбат, Б.Цогтбаатар, Ч.Ерөөл-Эрдэнэ, Д.Батсүх, Ж.Гантулга, Н.Баярхүү нарын бичсэн өгүүлэлүүд Монголын эртний соёл иргэншлийн олон тулгамдсан асуудлыг авч үзжээ.

Каталогт нийт 7 томоохон цуглуулгыг хамруулжээ.

Чулуун зэвсгийн үеийн Салхитын хүний яснаас эхлээд Мойлтын ам, Хойд Цэнхэрийн гол, Тамсагбулаг, Дөрөлж зэрэг чухал дурсгалт газрын олдвор хэрэглэгдэхүүн ба судалгааны үндсэн ололтуудыг товч тодорхой өгүүлсэн байна.

Монгол Алтайн түрүү төмрийн үеийн буюу НТӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн соёлын булшны малтлагаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнээс дээжлэн модон сав суулга, арьсан эдлэлүүд, дэр зэвсэг, адуу малын тоног хэрэглсэл, гоёл чимэглэлийн зүйлс, шавар ваар савнуудыг хамруулжээ.

1994-1999 онд Монгол, Францын судлаачдын малтан судалсан Эгийн голын Бурхан толгойн оршуулгын газрын баялаг хэрэглэгдэхүүнээс дээжлэн алт мөнгө ба үнэт чулуун шигтгээтэй бүсний аралууд, сараачмал зурагтай үйсэн савны таг, дээрээ бэхтэй чулуун янтайнууд, хүрэл тогоо, шавар сав суулга, хүрэл толинууд, ясан савхнуудыг оруулсан байна.

2000-2010 онд малтан судалсан Гол Модны язгууртны булшны олон зуун үнэт олдвороос дээжлэн тоглоомын модон хөлөг ба чулуун хасаанууд, тэрэгний хүрэл эд ангиуд, морины хударга хөмөлдрөгний чимэглэл болох бэлгэт гөрөөсний дүрстэй алтадсан мөнгөн зэмсэгүүд, Хүннүгийн шүтээн болох алтан нар сар, авсны алтан чимэглэлүүд зэргийн судалгааг оруулжээ.

2013 оноос эхлэн Монгол, Францын хамтарсан “Тамир” экспедицийн малтан судалж буй Тамирын Улаан хошууны оршуулгын газрын зарим олдворыг мөн оруулсны дотор алтан түрхлэгт шилэн сувснууд, цөгцөн суурьтай төмөр тогоо, төмөр алх ба лантууны толгой, жадны гилбэр, алтан ээмэгнүүд, ясан зуузаатай төмөр амгай, хүрэл эдлэлүүд, хүрэл тамга зэрэг ховор эдлэлүүд багтсан байна.

Монгол, Францын хамтарсан экспедицүүд 6 дурсгалт газарт 8 түрэгийн морьтой оршуулга малтсан байдаг. Үүнээс гарсан олон олдвороос дээжлэн гөрмөл торгон жолоо, хазаарын мөнгөн чимэглэлийн зүүлтүүдийг тус каталогт оруулжээ.

Таван толгойн алдарт язгууртны булшнаас гарсан олдворуудыг Францын хамтрагчид сэргээн засварлаж өгсөн байдаг. Хосгүй үнэт олон олдвор тус каталогт орсны дотор малгай алтан чимэгүүд, зэр зэвсгүүд, алтан утаст ширэн бүс, угалзтай ширэн гутал, дөрвөлжин үсгийн бичээст ясан тамга, мөнгөн ба ширэн сав суулганууд, адуу малын тоног хэрэглсэл зэрэг 15 багц олдвор бий.

Сүүлд засварласанДаваа, 30 11-р сар 2015 17:46

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ