Menu

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн дүрэм

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмээр Монгол судлалын үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн үйл ажиллагааг зохицуулна.

1.2. Зөвлөл нь  монгол судлалын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгөх, монгол судлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.

1.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.4.  Зөвлөл нь ажлаа 2 жилд нэг удаа Засгийн газарт тайлагнана.

1.5.   Зөвлөл нь зохих журмын дагуу хийсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.

1.6.  Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад тусган санхүүжүүлнэ.

Хоёр:  Үндэсний зөвлөлийн зохион байгуулалт

2.1. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газар, шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулна.

2.2. Үндэсний зөвлөлийн дарга нь Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орлогч дарга нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байна.

2.3.  Зөвлөл нь орон тооны бус  нарийн бичгийн даргатай байх бөгөөд энэхүү  үүргийг  Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.

2.4.  Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байна.

2.5. Зөвлөлийн ажлын алба нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.5.1. Зөвлөлийн тухайн жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах,

2.5.2. Зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангах, зайлшгүй тулгарч буй асуудлаар санал боловсруулж Зөвлөлд танилцуулах,

2.5.3. Зөвлөлийн ажлын тухайн жилийн тайланг гаргаж хуралд хэлэлцүүлэх,

2.5.4. Зөвлөлийн хурлын шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргэх, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүн, явцыг Зөвлөлд тайлагнах. 

Гурав: Үндэсний зөвлөлийн хэлэлцэх асуудал, бүрэн эрх:

3.1. Зөвлөл нь Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 4.4-д заасны дагуу дор дурьдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:

3.1.1. Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар төрөөс баримталж буй бодлоготой нягт уялдуулан зохицуулах;

3.1.2. Монгол судлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй сургалт судалгааны байгуулагын хамтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, идэвхижүүлэн өргөжүүлэх;.

3.1.3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилтийг  Шинжлэх ухаан, технологийн Үндэсний  зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулах;

3.1.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг Шинжлэх ухаан, технологийн санд төвлөрүүлж, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг жигд, нээлтэй, зохистой хуваарилах,

3.1.5.  Монгол судлалын байгууллага, нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

3.1.6. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавьж,  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх.

3.2. Зөвлөл нь хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ доорхи бүрэн эрхийг эдэлнэ: 

3.2.1. Монгол судлалын асуудлаар их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон холбогдох газруудаас шаардлагатай мэдээллийг гаргуулан авах,

3.2.2. Дотоод, гадаадад Монгол судлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй сургалт судалгааны байгууллагын удирдлагын илтгэл, сонсголыг хэлэлцэх, дүгнэлт гаргах.

Дөрөв. Үндэсний зөвлөлийн ажиллах журам

4.1. Зөвлөлийн ажиллах үндсэн хэлбэр нь хурал байна.

4.2. Зөвлөлийн ээлжит хурлыг хагас жилд 1 удаа хуралдуулна. Зөвлөлийн ээлжит бус хурлыг зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулж болно.

4.3. Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь хуралд оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэй гэж үзнэ.

4.4. Зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга даргална.

4.5. Зөвлөлийн хурлын материалыг ажлын гурваас доошгүй өдрийн өмнө гишүүдэд тараасан байна.

4.6. Зөвлөлийн хурлын шийдвэр нь олонхийн саналд үндэслэнэ. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэр гаргана.

4.7. Санхүүжилттай холбоотой асуудлаар гарсан Зөвлөлийн шийдвэр нь Зөвлөлийн даргын тушаалаар баталгаажна.       

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ