Menu

Ц.Төрбат: Бид археологигүйгээр түүхээ төсөөлөхийн аргагүй

Ц.Төрбат: Бид археологигүйгээр түүхээ төсөөлөхийн аргагүй

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор Ц.Төрбаттай хөөрөлдлөө.

-Бидний оршин буй нийгэмд археологичид ямар үүрэгтэй хүмүүс вэ. Археологийн шинжлэх ухааны ач холбогдол нь юу байдаг юм бэ?
-Археологийн судалгаа, археологийн шинжлэх ухааны бүтээж буй мэдлэггүйгээр зарим түүхэн үеийг судлах боломжгүй юм. Жишээлбэл, Монголын түүхийг дан ганц бичгийн сурвалжаар судлах юм бол Хүннүгийн үеэс урагшаа судлах боломжгүй болчихно. Тэгэхээр Монгол нутагт хүн анх үүссэн, хэрхэн тархан амьдарч байсан асуудал, Монголоор дамжуулаад Зүүн хойд Азийн бүс нутаг, дэлхийн бөмбөрцгийн умард хагаст хүн амьдарч байсан түүхийг зөвхөн археологийн судалгаанд үндэслэж л тогтооно.

Монгол нутагт анхны үйлдвэрлэл тэр дундаа мал аж ахуй үүссэн түүх нь их чухал асуудал. Үүнийг юугаар судлах вэ гэхээр археологиор л тодруулна. Тиймээс археологи нь түүхийг бүтээгч гэж хэлж болно. Бичгийн сурвалжаас ялгаатай нь археологи өөрийн гэсэн хэлтэй. Тэр нь эд өлгийн зүйл юм. Эд өлгийн зүйлсийг “яриулах” тухай асуудал байна. Бичгийн сурвалж бол тодорхой хүүрнэлтэй. Харин эд өлгийн зүйл нь өөрөө ярихгүй. Үүнийг “яриулдаг” арга нь археологи юм. Эд өлгийн зүйлийн он цагийг тодорхойлж, тухайн дурсгалуудын хоорондын хэлхээ холбоог илрүүлээд нийтлэг зүйлийг нь олж, бие даасан археологийн соёл гэдгийг тодорхойлно. Тэгээд энэ нь тодорхой түүхэн үед ямар хөгжлийн төвшинд байв. Урд хойдох үетэйгээ яаж холбогдож байна гэдгийг бүс нутгийн хүрээнд судалдаг. Сүүлийн үед археологи нь байгалийн ухаантай өдөр тутам холбогдох болсон. Тухайлбал, физикийн он цаг тогтоох аргуудыг хэрэглэхийн тулд энэ салбарын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байна. Монголын археологийн  нэг тулгуур нь мал аж ахуйтай холбоотой. Мал аж ахуйгаа тойроод бүх юм явсан байдаг. Үүнийг судлахын тулд бид нүүдлийн хэв шинжийг заавал мэдэх шаардлагатай. Үүнийг судлахын тулд бид хими физикийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Археологигүйгээр бид түүхээ төсөөлөх аргагүй. Археологи нь биетэй бодит зүйл байдаг учраас музейн үзмэрүүдийг бүрдүүлж байна. Аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн нь Монголын музейнүүдийн үндсэн үзмэрийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн хөдөө орон нутагт хэд хэдэн судалгааны баазыг байгуулсан. Эдгээр бааз байнга жуулчдад үйлчилж байгаа. Мөн хэд хэдэн газар археологийн дурсгалыг сэргээсэн.  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Жаргалантын аманд буган хөшөө, хэрэгсүүрийг бүрэн хэмжээгээр сэргээн босголоо. Энэ нь аялал жуулчлалын бэлэн болсон томоохон цогцолбор болчихсон байна. Энэ мэтчилэн археологийн судалгаа бидний амьдралд хэрэгжээд үр шимээ өгч байна.

-Та яагаад археологич мэргэжлийг сонгосон юм бэ?
-Би 1990 онд МУИС-ийн түүхийн ангид элсэн суралцсан. Нэрт эрдэмтэн Г.Мэнэс, З.Батсайхан багшийгаа дагаад  археологийн салбар руу орсон.  1991 оны зунаас эхлээд археологийн судалгааны ангид сайн дураараа явдаг байлаа. Түүхийг хамгийн биетэй бодитой, үнэн зөвөөр нь илэрхийлж чадах нэг хэлбэр нь археологи юм болов уу гэж бодож энэ салбарыг сонгосон юм. Мөн археологич хүний өдөр тутмын ажил хөдөлмөр, хээрийн судалгаа их сонирхол татдаг байлаа. Дандаа шинэ газар орныг үзэж, шинэ зүйлийг нээж байдаг учраас залуу хүний сонирхлыг илүү татсан байх.

-Таны судалгааны ерөнхий чиглэл Хүннү судлал болон Монголын хүрэл, төмрийн үеийнх. Судалгааныхаа талаар манай уншигчдад танилцуулах уу?
-Миний судалгааны үндсэн чиглэл хоёр үе шаттай гэж хэлж болно. 1994-2005 он хүртэл Хүннү судлалын чиглэлээр ажиллаж байлаа. 2004 онд  “Хүннүгийн жирийн иргэдийн булшны оршуулгын зан үйл” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш Монголын хүрэл, төмрийн үеийн судалгаанд гол анхаарлаа хандуулж байна. Судалгааны обьект маань ихэвчлэн баруун аймгуудад байдаг учир нэлээн олон жил баруун Монголд тогтвортой ажиллаж байна. Төмрийн түрүү үеийн Пазырыкийн соёл, Чандмань-Сагилын соёлын судалгаанд шинэлэг байдлаар хандаж байгаа. Хамгийн анх Пазырыкийн соёлын булшийг манай судалгааны баг Монголд малтсан. 40 гаруй булш байлаа. Энэ чиглэлийн судалгааны гол эх хэрэглэгдэхүүнийг манай судалгааны байгууллага бүрдүүлсэн. Мөн хүрлийн үеийн хэд хэдэн археологийн соёлыг ч нээжээ. Өмнө нь мэдэгдээгүй байсан хэд хэдэн шинэ төрлийн дурсгалыг илрүүлсэн. Монголын хүрлийн үеийн археологийн судалгаа 2000-аад онд сул байсан. Тэр дундаа Баруун Монголыг судлаагүй байлаа. Улаанбаатар хотоос манай судалгааны обьект 2000 гаруй км хол, дөрөв тав хоног явж байж очдог байсан учраас бэрхшээлтэй байсан байх. Тухайн үед хүрлийн үеийн төв, зүүн Монголд дөрвөлжин булшны соёл, төв ба баруун Монголд хиргисүүр булшны соёл байгаа гэж хоёрхон соёлын талаар ярьдаг байлаа. Одоо бол долоо найман соёлын талаар ярьж байна. Энэ нь манай судалгааны баг болон Орос-Монголын хамтарсан судалгааны багийн хийсэн ажлын үр дүн юм. Түрүү хүрлийн үеийн буюу одоогоос 4200-4800 жилийн өмнөх түүхэн үед холбогдох  дурсгал манайд огт байгаагүй. Манай судалгааны баг энэ үед холбогдох Хэмцэгийн  археологийн соёлын дурсгалыг нээсэн. Тиймээс Баруун Монголын хүрлийн үе, төмрийн үе, дундад зууны Түрэгийн үеийг багтаасан эртний түүхийг цоо шинээр бичих боломж бүрдсэн гэж ойлгож болно.  Монголын түүхэнд хов хоосон цагаан үе олон байсан. Үүнийг л бид дүүргээд явж байна даа.

-Та 2013 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошууны Хүннү булшнаас НТӨ Нийтийн тооллын өмнөх, V-IV зууны  Иран буюу Сасанидын хаант улсын үеийн зоос илрүүлсэн юм билээ. Эдгээр нь манай нутгаас  өмнө нь илэрч байгаагүй ховор зооснууд байсан гэсэн?
- Архангай аймгийн Өгийнуурын  Тамирын Улаан хошууны булш нь Хүннүгийн жирийн иргэдийн булшнууд дотроо нэлээд өвөрмөц байр суурьтай дурсгал. Оршуулгын зан үйлийн хувьд жаахан ялгаатай. Тэнд байгаа бүх хүний толгойг зүүн тийш нь харуулж оршуулсан байдаг. Зэр зэвсгийн зүйл харьцангуй бага, харин ваар савны зүйл маш их илэрсэн. Эндээс бид Хүннүгийн археологийн соёлд өмнө нь илрээгүй долоон шинэ төрлийн ваар олсон. Иймэрхүү маш олон сонирхолтой эд өлгийн зүйл гарсны дотор НТӨ V-VI зууны Иран буюу Сасанидын хаант улсын үеийн он цаг нь тодорхой мөнгөн зоос ч байсан.  Гэхдээ энэ зоос нь булшны он цагийг илэрхийлэхгүй. Магадгүй хожуу тонуулын үед булшинд орсон зүйл гэж ойлгож байгаа. Энэ нь газрын гадаргаас метр гаруйн гүнээс эртний тонуулчдын бүрхнээс илэрсэн. Тиймээс ингэж үзэж байгаа юм. Харин үүнтэй ижил мөнгөн зооснууд Архангай аймгаас дарш хэлбэртэйгээр  олноор илэрсэн. Үүнийг Монголын үндэсний музей худалдаж авсан сурагтай. Мөн Нүүдлийн соёл иргэншил судлалын олон улсын хүрээлэнгийн профессор А.Очирын удирдсан малтлагаар Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбаас үүнээс арай хожуу үеийн түүхэнд хамаарах  алтан зооснууд гарсан. Үүнээс үүдээд баруун зүгийн орнуудтай нүүдэлчид хэрхэн харилцаж байсныг судлах шаардлага гарч ирж байгаа юм. Ганцхан энэ зоос төдийгүй баруун зүгээс гаралтай олон зүйл сүүлийн үед илэрч байна. Тухайлбал, Тамирын Улаан хошуунаас нийтийн тооллын завсрын үед Газар дундын тэнгист үйлдвэрлэдэг байсан алтан түрхлэгтэй шилэн сувс маш их хэмжээгээр илэрсэн. Мөн Дундад Азид Хүннүтэй мөр зэрэгцэн оршиж байсан Кангюйгийн /одоогийн Казахстаны өмнөд хэсэгт амьдарч байсан/ үеийн том ваар олдсон. Энэ ваар нь зоосноос илүү ач холбогдолтой юм. Яагаад гэвэл зоос бол арилжаа худалдааны замаар чөлөөтэй зорчдог овор багатай, эвдэрч гэмтэхгүй зүйл. Гэтэл ваар их эмзэг. Тэгээд хэдэн мянган км-ийн цаана энэ ваар яагаад гэнэт гараад ирэв гэдэг маш сонирхолтой. Үүнийг түүхийн баримттай ч холбож үзэж болно. Тухайлбал, нийтийн тооллын өмнөх I зууны дунд үед Хүннүгийн ах дүү хоёр шаньюй хоорондоо тэмцэлдэж иргэний дайн болсон. Чжичжи ялж, Хуханье зугтаагаад Хань улсад очсон түүх бий. Тэгээд Хань улсын дэмжлэг аваад Хуханье шаньюй эргээд Чжичжи рүү довтолсон. Ингээд Чжичжи Кангюй рүү зугтаасан байдаг. Энэ түүхтэй холбоотой ч байж магадгүй.

-Та өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сяньбигийн үеийн 26 булшийг малтаж, судалгаа хийсэн юм билээ. Сяньбигийн үеийн анхны бүрэн хэмжээний оршуулга олсон талаараа ярихгүй юу?
-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бургаст гэдэг газраас Сяньбигийн үед хамаарах 17 булшийг Францын Байгалийн түүхийн музейн судлаачидтай хамтран малтаж гаргасан. Өнөөг хүртэл Монголын Сяньбигийн үеийн археологийн томоохон дурсгал хараахан олдоогүй байсан. Сүүлийн жилүүдэд энэ үед холбогдох хэд хэдэн дурсгал илэрлээ. Манай судалгааны багийнхан 2015 оноос эхлэн Бургастын голын Сяньбигийн үеийн 26 булшийг малтаж, өнгөрсөн онд дуусгалаа. Энэ нь яг Сяньбигийн иргэдийн булш биш энэ үед амьдарч байсан нүүдэлчин аймгийнхны булш юм. Үүн дээр бид цогц судалгаа хийх боломжтой.  Сяньбигийн үеийн энэ том мэдээллийн санг судалж, нүүдэлчдийн удмын сан, мал аж ахуйн хэв шинж, хил залгаа бүс нутагтай соёлын талаар нь харьцуулан судлах боломж бүрдсэн гэсэн үг.

-Сяньбигийн үеийн булшнаас эртний хүний хоёр бүтэн хувцас хэрэглэл олдсон гэж байсан. Бүрэн бүтэн хувцас хэрэглэл олдох нь ер нь ховор байдаг байх?
-Энэ оршуулгаас бүтэн хувцас өмсгөлтэй оршуулга илэрсэн нь онцлогтой. Нийтийн тооллын II-III зуунд холбогдох хүний хувцас хэрэглэлийг бүтнээр нь олсон.  Яг ийм олдвор ховор л доо.  Өмнө нь 1924 оны үед Ноён уулаас бүтэн хувцас, хэрэгсэлтэй булш олдсон. Гэвч үүнийг өдгөө Санкт-Петербургийн Эрмитажид  хадгалж байгаа. Дараа нь 2006 онд Д.Цэвээндорж багшийн судалсан Монгол Алтайн мөнх цэвдгийн булшнаас бүрэн хувцас хэрэглэл олдсон байдаг. Гурав дахь нь бидний малтсан Сяньбигийн үеийн булшнаас илэрсэн нь энэ юм.

-Монголын археологийн салбарын хөгжил, судалгаа шинжилгээний зорилго чиглэл ямар төвшинд явна гэж та бодож байна вэ?
-Энэ салбарын хөгжлийг археологичдын ур чадвараар тодорхойлно. Монголын археологийн суурь хөгжил нь Зөвлөлтийнхөөс уламжлалтай. Сүүлийн жилүүдэд өрнө, дорнын улс орнуудтай түлхүү хамтран ажиллах болсон. Үүний үр дүнд дэлхийн нэр хүндтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн, чадварлаг хүмүүс энэ салбарт цойлон гарч ирж байна. Өрнө, дорнын болон Зөвлөлтийн дэг сургуулийн үндсэн дээр Монголын археологи бие даасан салбар болон хөгжсөн нь сүүлийн 20 жилийн гол ололтын нэг. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний ур чадвар илүү сайжирсан гэсэн үг. Мөн гадаадын судалгааны багуудтай байнгын харилцаа холбоотой ажилласнаар салбарын шинэ мэдлэг, мэдээллийг цаг алдалгүй авч байна. Түүх, археологийн хүрээлэн жил бүр хамтарсан болон үндэсний судалгааны 20 гаруй баг ажиллуулдаг. Ахиц дэвшлийн хажуугаар дутагдалтай зүйл ч бий. Тухайлбал, лабораторийн тоног төхөөрөмж дутагдаж байна. Манай хүрээлэнд сэргээн засварлах жижигхэн лаборатори бий ч яг байгалийн шинжлэлийн дүгнэлт хийдэг нь одоогоор цөөн байна. Тийм учраас гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахаас өөр аргагүй болдог. Хэрвээ лабораторитай болчихвол бид бие даасан судалгаа хийх боломж бүрдэнэ.
 

-Археологийн хөгжилд тухайн түүх соёлын үнэт олдворыг хадгалах, хамгаалах тусгай зориулалтын орчин юу юунаас чухал. Гэтэл манайд ийм газар байдаггүй. Үүнд танай хүрээлэн хэрхэн анхаар ч байна вэ?
-Хадгалах орчин муу байгаа нь үнэн. Археологичид энэ асуудлыг олон удаа хөндсөн, ярьсан. Хамгийн гол нь төр засгаас хөрөнгө санхүүгийн хувьд дэмжих хэрэгтэй байна. Бид археологийн дурсгалаа ажлынхаа өрөөнд хүртэл хадгалж байдаг. Одоо бараг хадгалах зай талбай үлдсэнгүй. Жилээс жилд лабораторийн маань зай талбай улам багасч байна. Дараа дараагийн археологийн олдворуудаа хаана хадгалах вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм. Археологийн шинжлэх ухаан өнөөдрөөр дуусахгүй шүү дээ. Үргэлж шинэ зүйл олдож байна. 

Сүүлд засварласанМягмар, 22 8-р сар 2017 10:49

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ