Menu

Д.Заяабаатар: Монголч эрдэмтэн бүрийг би Монголыг дэлхийд төлөөлсөн түүхийн элч гэж боддог

Монголоо дэлхийд таниулж, эх орныхоо нэрийг олон улсад өргөнө гэдэг маш том бахархал. Тэр тусмаа дэлхийн эрдэмтдийн анхаарлыг Азийн Монголын зүгт татаж, тэдний сонирхлыг үүх түүх, соёл, зан заншлынхаа нууцаар “барьж” чадна гэдэг хэр баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Үүгээр ч зогсохгүй дотоод, гадаадын эрдэмтдийн дундах монгол судлалыг шинэ шатанд ахиулахын тулд нөхцөл бололцоондоо тулгуурлан байж болох бүхнийг хийж байгаа хүний нэг нь Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Заяабаатар юм. Түүнтэй дэлхийн монгол судлал болоод монгол хэл шинжлэлийн өнөө ба ирээдүйн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй...

“МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-ийг гар утаснаасаа ашиглах боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид 60,000 гаруй толгой үг, 80,000 гаруй холбоо үг бүхий  “Монгол хэлний их тайлбар толь”-ийг нэг жилийн хугацаанд бүтээн бэлэн болгоод байгаа билээ. 

Дэлгэрэнгүй...

Монгол судлалын асуудлаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, Олон улсын Монгол судлалын холбооны хүндэт гишүүн, академич Ш.Бира нарыг хүлээн авч уулзан, Монгол судлалын асуудлаар ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд байлцав.

Дэлгэрэнгүй...

Монгол судлалын хөгжил

Дотоодын монгол судлал

1970 онд олон улсын монголч эрдэмтдийн 2-р их хурлыг зохион байгуулж, тус хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн байнгын хороог Улаанбаатарт байгуулсан бөгөөд хожим тэр нь”Олон улсын монгол судлалын холбоо” болон өргөжиж, олон улсын монгол судлалыг хөхиүлэн дэмжиж, уялдуулан зохьцуулах, судалгааны шинэ мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг тогтмолжуулан, таван жил дутам зохион байгуулсаар ирсэн бөгөөд нэг удаагийн их хуралд дунджаар 30 орчим орны 400 орчим эрдэмтэд оролцдог боллоо. Их хурлын чөлөөнд монгол судлалын төрөл бүрийн салбаруудаар дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил тутам зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй...

МОНГОЛ СУДЛАЛЫН ЭХЛЭЛ

Гадаадад: Монгол судлал нь анх XIX зууны сүүлч үеэр Орос, Франц, Финланд, Унгар зэрэг цөөн хэдхэн оронд монгол хэл аялгуу, эртний бичгийн дурсгал, түүх судлалын чиглэлээр үүсэн хөгжжээ. Перст сууж байсан монгол хаад францын вангуудтай харилцаж байсан тухай Абел Ремюзийн сонирхолтой үгүүлэл 1822 онд гарснаас хойш монголын холбогдолтой үгүүлэл, тэмдэглэлүүд өрнийн хэвлэлүүдэд гарч эхэлсэн байна. XIX зууны монгол судлалд оросын эрдэмтэд голлох үүрэгтэй байжээ. 1833 онд Казанийн их сургуульд монгол хэлний анги нээгдэж, монгол хэл аялгуу, бичгийн дурсгал, түүх, соёлын талаар Я. Шмидт, О. Ковалевский, А. Бобровников Ф. Голстунский, Д. Банзаров, А. М. Позднеев, Палладий Кафаров нарын бүтээлүүд гарсан нь өрнө дахинд монгол судлал хөгжих үндэс суурь нь болжээ.

XIX зууны эхэн үеэс Франц, Герман, Англи, Финланд, Холланд, Америк зэрэг орнуудад дорно дахины судлалын томоохон сэтгүүлүүд гарч эхэлсэн бөгөөд тэдгээрт монгол хэл, түүхийн холбогдолтой үгүүлэл, материал гарч байжээ. ХХ зууны тэргүүн хагаст Австри, Унгар, Польш, Дани, Орос, Хятад, Японд арав гаруй шинэ сэтгүүл гарчээ. /Хавсралт/

Дотоодод: ХХ зууны эхээр Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, үндэснийхээ хэл соёл, түүх, зан заншлыг шинжлэх ухааны арга зүйгээр судалж, ”Орчин үеийн Монгол”, ”Шинэ толь”, ”Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын үгүүлэл” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүл, цувралууд гарч эхэлжээ. Дөчөөд оноос Монгол улсын их сургууль байгуулагдаж, монгол судлалын олон салбар ухааны сургалт, судалгааны ажил эрчимжсэн байна.

1959 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд ЗХУ, Англи, Америк, Герман, Унгар, Польш, Финланд, Япон, Энэдхэг, Хятад зэрэг арав гаруй орны дөч гаруй эрдэмтэд оролцсон нь Монгол улсад монгол судлал эрчимтэй хөгжиж эхэлснийг олон улсад харуулжээ. Энэ үеэс эхлэн ”Дэлхийн монгол судлалын төв нь Монгол улс боллоо” гэдгийг олон улсын монгол судлалын ертөнц хүлээн зөвшөөрөх болсон байна.

ХАВСРАЛТ

Дорнодахины судлалын сэтгүүлүүд (XX зууны дунд үе хүртэл)

Франц:

Journal Аsiatique (Paris, 1822-)

Англи:

Journal of the Royal Asiatic Societу (London, 1834-)

Bulletin of the School of Oriental Studies (London, 1917-)

Америк:

Journal of the American Oriental Society (Boston, 1843-)

Harvard Journal of Asiatic Studies (Cambridge, Mass.1936-)

Герман:

Zeitschrift der Deutschen Morgenlandischen Gesselschaft (Leipzig, 1847-)

Asia Major (Leipzig, 1923-)

Финланд:

Journal de la Société Finno-Ougrienne (Helsinki, 1883-)

Mémoires de la Société Finno-Ougrienne (Helsinki, 1896-)

Studia Orientalia (Helsinki, 1925-)

Нидерланд:

T’oung Pao (Leiden, 1890-)

Oriens (Leiden,1948-)

Унгар:

Keleti Szemle/Eastern Review/ (Budapest, 1900-)

Австри:

Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes (Wien, 1903-)

Anthropos (Wien, 1906-)

Польш:

Rocznik Orientalistyczny (Krakow, 1914-)

Дани:

Acta Orientalia (Kopenhagen, 1922-)

Орос:

Записки Института Востоковедения, (Ленинград, 1932-)

Труды Институт Востоковедения, (Ленинград, 1932-)

Ученые Записки Института Востоковедения, (Москва, 1932-)

Хятад:

Monument Serica (Pekin, 1935-)

Япон:

Journal of the Linguistic Society of Japan {Gengo Kenkyu}, (Tokyo, 1939-)

Дэлгэрэнгүй...

МОНГОЛ СУДЛАЛЫН АСУУДЛААР ЯРИЛЦАВ

МОНГОЛ СУДЛАЛ гэдэг бол монгол үндэстний уламжлалт хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөл тэргүүтнийг шинжлэх ухааны арга зүйгээр судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны цогц нэгдэл юм. Монгол судлалыг цаашид хөгжүүлэхдээ монгол хэл, соёл, түүх, угсаатан судлалыг гол үндэс болгохын зэрэгцээ олон шинжлэх ухааны цогц болсон, хавсарга шинжтэй мэдлэг ухааны олон салбарыг зохих хэмжээгээр харгалзан үзэж болно.

Монгол судлал нь монгол үндэстний хэл, соёлын дархлааг хадгалан бататгах, бусад улс үндэстнүүдэд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй бөгөөд энэ бүхнээр дамжин Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн гол тулгуур болно.

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгааны тэргүүлэх чиглэлийг салбар тус бүрээр тодорхойлж, гадаад, дотоодын монгол судлалын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, монгол судлалын салбарт гарсан шинэ мэдээллийг шуурхай дамжуулах, шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гадаадын эрдэмтдийн саналыг үндэслэн Монгол улсад монгол судлалын төрөлжсөн номын сан байгуулах, архив, номын сангийн үйлчилгээг боловсон, шуурхай болгоход дэмжлэг үзүүлэх шаардлага цаашид тулгарч байна.

Дэлгэрэнгүй...

“Монгол хэлний их тайлбар толь”-ийн нээлт боллоо

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ.

Одоогоос яг нэг жилийн өмнө “Монгол хэлний  цахим их тайлбар толь” төслийн нээлт болж байсан юм.  Тэгвэл уг mongoltoli.mn / монголтоль.мон -ийн нээлтийн ёслол Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд энэ сарын 28-нд боллоо. Нээлтэд Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, ШУА-ийн эрдэмтэн судлаач, Монгол хэл судлалын эрдэмтэд, багш нарын төлөөлөл оролцлоо.

“Монгол хэлний их тайлбар толь”-ийн нээлт дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол үндэстэн, Монгол Улс оршин тогтнохын үндэс нь монгол газар нутаг, монгол хүн, монгол хэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэгэн цагт дэлхийд дэг журам, энх тайвныг монгол хэлээр тогтоож байсан түүхтэй. Монгол хэл 17 дугаар зууны үед ч өрнө, дорнын ертөнцийг холбох дипломат хэлний үүргийг гүйцэтгэж байсан юм.

Монголчууд эрт цагаас хэд хэдэн бичиг үсэг сонгон хэрэглэж, бас монгол хэлний толь бичгийн зүйл удаа дараа зохиосоор ирсэн баялаг түүхтэй, уламжлалтай билээ. Тухайлбал, Монголчуудын дунд “Хорин нэгт” гэж алдаршсан 1717 оны Манж-Монгол үгний 21 дэвтэр тайлбар толь, “Гучин зургаат” гэж алдаршсан 1747 оны манж үгний 36 дэвтэр тайлбар толь, С.Шагжийн зохиосон “Эрихүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар-чандманий эрх”, Я.Цэвэлийн зохиосон “Монгол хэлний товч тайлбар толь” зэргийг дурдаж болно.

Дорно дахинд Монгол-манж, төвд, санскрит, хятад хэлний толь бичгүүд зохиогдож байсныг хүмүүс андахгүй. Тэгвэл дэлхий дахинд, Өрнөдөд монгол хэлэнд тулгуурласан олон хэлний толь бичгийг аль 18 дугаар зуунд зохиож байсан ба 19 дүгээр зуунаас Монгол-Франц, Монгол-Герман, Монгол-Орос зэрэг тулгуур толь бичгүүдийг хэдэн арваар тоологдох хэмжээнд зохион хэрэглэж ирсэн нь бидний эх хэл- монгол хэлний царааг илтгэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг цахим хэлбэрээр бүтээж, өнөөдөр өргөн түмэндээ дэлгэн барьж байна. Анх Ерөнхийлөгч 2013 оны зургаадугаар сард хэл шинжлэлийн эрдэмтэдтэй уулзахдаа Монгол хэлний цахим толь бүтээх тухай ярилцаж байсан нь өнөөдөр бодит биеллээ олсонд баяртай байна.

Энэ удаад бид нийт 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо үг, холбоо үг, хэлцийг багтаасан “Монгол хэлний их тайлбар толь”-оос Та сонирхсон

  • үгийнхээ утгыг тайлж мэдэх,
  • утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, хэллэгтэй танилцах
  • худам монгол бичлэгийг харах,
  • Үгийн авиа дуудлагыг сонсох боломж бүрдэж байна.
  • Мөн Та - ТА өөрөө уг толь дахь үгсийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, нутаг, нутгийн аялгууны өвөрмөц нандин үгс, холбогдох мэргэжлийн нэр томьёо, шинэ үгийг утгын тайлбар, жишээ, зургийн хамтаар толийн санд нэмэн оруулах боломжтойг хэлэхэд таатай байна.

Ингэснээр бид монгол хэлнийхээ эрсэн үгийн утгыг эндүүрэлгүй, хайсан үгийн утгыг хуудуугүй зааж өгдөг “нэгдмэл тайлбар толь”-ийг хамтдаа бүтээх, хамтдаа баяжуулж байх нэгэн сайн үйлсийн  үрийг тарьж, соёолуулж  чадлаа.

"Монгол хэлний их тайлбар толь" төслийг хичээнгүйлэн гүйцэтгэсэн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд болон эрдэм шинжилгээний нийт ажилтнууддаа гүн Талархал илэрхийлж,  буянт үйлс нь дэлгэрч байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлж,  "Монгол хэлний их тайлбар толь"-ийн нээлтийн ёслолын  ажиллагааг нээснийг мэдэгдье.

Энэхүү толь бичиг нь /УИХ-аас баталсан, шинэ оны эхнээс эхлэн мөрдөгдөх/ Төрийн хэлний хуулийн үзэл санаанд нийцсэн/ монгол түмний оюун санааны эв нэгдэл, соёл, сэтгэлгээний дархлаа, бахархал болсон эх хэлний нийгмийн үүргийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой тул түүнийг нэмэн баяжуулах ажлыг ч цаашид үргэлжүүлэх болно” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ “Өнөөдөр Монгол хэл, монгол заншил, соёл, уламжлалыг хүндэтгэдэг хүн бүрт маш их том баяр тохиож байна. Энд оролцож байгаа, энд ирсэн хүмүүс бол насаараа энэ үйлсэд зүтгэж ирсэн хүмүүсийн төлөөлөл юм.

 

Төр, засаг гэдэг бүтцээс Монгол Улсын, Монголын ард түмний уламжлал, соёл, зан заншилд анхаарал хандуулж, ярьж явах ёстой бүтэц нь Монгол Улсын Ерөнхийлөгч гэж би хувьдаа ойлгодог. Миний анхаарал хандуулж ажиллах ёстой нэг салбар бол монгол үндэсний уламжлал, зан заншил, аугаа түүх юм. Үүнийг аль болох дэлгэрүүлэх, энэ чиглэлд гарч байгаа сайн санаачлагуудыг дэмжих нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, бидний ажил юм гэж үздэг. Үүнийг та нарын ажил биш гэсэн ч мөн гэж л хэлнэ. Битгий хий гэсэн ч хийх л болно. Ингэж цаашаа уламжлагдаасай гэж бодож байгаа юм.

Энэ чиглэлд бидний ойрмогхон хийж байгаа таван зүйлийг хэлэхэд монгол бичигтэй холбоотой зарлиг гарч хэрэгжээд, ажил болоод явж байгаа. Хүүхэд төрөхөд өгдөг төрсний гэрчилгээ, оюутан сурагч төгсөхөд олгодог гэрчилгээ, диплом, гэрлэлтийн баталгаа гээд бусад бүх зүйлийг монголоор бичдэг болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гаргаж, илгээж байгаа захидал монгол, кирилл бичгээр хамт явдаг заншилтай болсон. Гадаад орны Төрийн тэргүүнд явж байгаа захидлууд ингэж явдаг болсон. Энэ нь монгол төрийн уламжлалаар цаашаа үргэлжилнэ гэж итгэж байгаа.

Өөр нэг санаачилж хийсэн ажил бол “Мөнх тэнгэрийн бичиг” гэж үзэсгэлэн гаргадаг болсон. Тэр үзэсгэлэнБг гаргах, түүнийг хийх гэж маш олон хүнийг хамарсан бүтэн жилийн нөр их хөдөлмөр болдог. Энэ ажлууд уламжлал болоод тогтчихсон. Монгол хэл, соёл, уламжлалыг хүндэтгэдэг хүн бүрийн баяр болдог ийм зүйл байгаа юм.

Дээрээс нь бас нэг зүйл бол Монголын түүх. Манай түүхэнд янз бүрийн ангич, намч үзэл санаагаар хандаж ирж байсан учраас янз бүрийн нөхцөл байдал үүссэн байдаг. Тийм учраас бодит хүмүүсийн бичсэн түүхийн цувралыг сэргээж гаргаж байгаа. Манай өвөг дээдэс, Инжинашаас авахуулаад нэн шинэ түүх хүртэлх үеийг үзэж судалсан эрдэмтэд, судлаачдын гаргасан түүх, бүтээлийг цуврал болгон эмхэтгэж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ ажилд хамтарч ажиллаж байгаа. Үүнд төсөв, мөнгө, хүндрэлтэй зүйлүүд бий. Гэхдээ сайн санааг хэрэгжүүлэхэд хэрэгжиж болдог гэдгийг бид эндээс харж байгаа.

Дараагийн нэг хэрэгжүүлсэн ажил бол энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил, Чөлөөлөх дайны ялалтын 70 жил гэсэн хоёр том ой тэмдэглэсэн. Дэлхийн II дайнд монголчууд ямар үүрэгтэй оролцсон юм бэ гэдгийг аваад үзэхэд ямар аугаа үүрэг гүйцэтгэсэн юм бэ гэдэг нь харагдаж, бахархах сэтгэгдэл төрдөг. Түүнд зориулсан толь бүтээж, монгол, орос, англи хэлээр хийж Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд оролцохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өгсөн. Тэгэхэд “Монголчууд гайхамшигтай хувь нэмэр оруулсан шүү” гэж үнэхээр баярлаж байна лээ. Монголчууд Чөлөөлөх дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бид харийн түрэмгийлэгчдээс БНХАУ-ын газар нутгийг чөлөөлж явсан юм шүү. Үүнд манай 24 мянган цэрэг эрс оролцсон юм. Дээрээс нь их хэмжээний хүч хөрөнгө хаясан юм гэдгийг хоёр гурван жилийн өмнөөс ярьж эхлэхэд өмнө нь хүлээж авдаггүй байсан БНХАУ хүлээж авсан. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулж бид дахиад альбом гаргасан. Гайхамшигтай баялаг материалтай альбом болсон. Цагаан хэрэмийн өмнөхөн маршал Х.Чойбалсан өөрөө зогсоод, ялалтын парад хүлээж авч байгаа, ард нь Цагаан хэрэм байгаа зураг анх тэр альбом дээр гарсан.  “Монголчууд ялсан цэргүүдээ өмнүүрээ жагсаагаад, чөлөөлөөд явж байсан юм байна шүү дээ” гэж судлаачид маш их гайхаж байсан. Бидний өвөг дээдсийн, ахмад үеийнхний өмнө нь хийсэн, бидний мэдэхгүй гайхамшигтай сайхан зүйлүүд их байна. Эдгээрийг гаргаж хүмүүсийн хүртээл болгох нь бидний ажил юм гэж бодож бид ажилласан.

Аюуш, Жанчив, Данзанваанчиг гээд л зөвхөн хэдэн нэр ярьдаг байсан. Бид түүхэндээ анхаараад ирэхээр Хятад өөрөөр хандаж байна. Жанчхүүгийн даваан дээр амбаар шиг жижигхэн музей байсан. Тэнд дандаа кирилл бичгээр бичсэн тайлбар байдаг байсан. Бусад улсууд кирилл бичгийг Оросын бичиг гэж ойлгодог.

Одоо тэнд Хятадын Засгийн газраас санаа тавьж, таван давхар музейн байшин бариад, тайлбаруудыг монгол бичгээр хийгээд ажил үргэлжлээд явж байна. Бид түүх, уламжлалдаа өөрсдөө ач холбогдол өгөх юм бол бусад нь ч ач холбогдол өгдөг юм байна гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

 

Тавдугаарт, Монгол хэлний их тайлбар толь гарч байна. Энэ бол их гайхамшигтай юм. Хэл бол байнга хөгжиж байх ёстой гэж би боддог. Нэгэнт хүний сэтгэхүй хөгжиж байгаа юм чинь түүнийг илэрхийлдэг хэл байнга хөгжиж байх ёстой л гэж боддог. Я.Цэвэл гуайн тайлбар толь байдаг. “Тэр хаана байдаг бол. Түүнийг олж авах юмсан” гэж бичгийн хүмүүс, юм сэтгэдэг улсууд хөөцөлддөг. Тэгвэл ийм гайхамшигтай хүртээмжтэй, Я.Цэвэл гуайн толиос хэд дахин илүү боломжтой, орчин үеийн нөхцөлд нийцүүлсэн ийм толь гарч байгаа нь үнэхээр хэрэгтэй юм.

Монгол хэлтэй хүмүүс зөвхөн Монгол Улсын хил дотор амьдардаггүй, дэлхий даяар байгаа. 10 сая гаруй хүн монголоор ярьж, өөрийгөө монгол хүн гэж үздэг гэж ярьдаг. Тэднийг нэгтгэдэг зүйл бол монгол хэл, монгол соёл юм. Тэр монгол хэл, соёлоо хамтдаа бүтээгээд явах ийм талбарыг бий болгож байгаа юм.  

Сургуулийн сурагч хүртэл энэ толь руу ороод оролцогч болоод, хамтраад явж болно. Сэтгүүлчид, хэвлэлийнхэн, зохиолчид, юм бичдэг, орчуулдаг хүмүүст энэ үгийг яг юу гэж буулгавал болох вэ гэсэн нөхцөл байдал үүсдэг. Тэгвэл монгол хэл, соёлтой нийт хүмүүсийн хамтын бүтээл болсон энэ толь тусална. Энэ ажлыг бид ингээд орхихгүй, цаашаа үргэлжлээд явна.

Монгол хэл баялаг гэдэг ч түүнийгээ өөрсдөө хэрэглэдэггүй. Наад зах нь нэгтгэсэн тольгүй болохоор баялаг гэдгийг нь хэн хэлэх юм бэ. Тэгэхээр энэ тайлбар толь бол их гайхамшигтай ажил гэж бодож байгаа.

Сая Иран руу манай албаны нэг хүн яваад ирсэн. Ираны эрдэмтэд Ил хааны үеийн түүхийг судалдаг. Би дөрвөн жилийн өмнө тэнд айлчилж байсан. Манай түүхийн гайхамшигтай их материал Иранд байдаг. Ираны судлаачид эдгээр материалын зөвхөн эхний үг, сүүлийн үгийг бичсэн 500 хуудас ном гаргачихаад байна. Үүнийг хэдэн үеэрээ судлаад та нар барахгүй гэж байгаа. Бид хамтарч ажиллах гэж бодож л байна. Наад зах нь перс хэлний сургалтад хүүхдүүд явуулах юмсан. Үүний хойноос явах юмсан гэж бодож байна. Ингэж явдаг элэг, зүрхтэй хүний тоо багадаад байгаа юм уу. Явуулъя, мөнгийг нь даая. Ийм үүд хаалга нээчихлээ гэж 2-3 жил яриад байхад ирж байгаа хүн харагдахгүй байгаа юм. Ираны эрдэмтэд хэлж байсан. Манайхан ч хэлдэг. Алунгоо гэдэг нэрийг манайхан ч мэдэхээ болилоо. Энэ нэрийг орчуулаад байна гэж. Тийм байж болохгүй.

Манайхан хэлний баялаг гэж гайхамшигтай гэж би лав гайхуулдаг л байсан. Адууныхаа зүсийг 600 янзаар дууддаг улс шүү дээ гэж гайхуулдаг байсан. 600 нь юу юм бэ. 60 зүс гаргах гэж оролдохын төлөө явах хэрэгтэй. Бороо гэдэг үгийг 10 янзаар тодотгож нэрлэдэг бол 30 янзаар нэрлэдэг болох хэрэгтэй. Үүний төлөө монголчууд явах боломжтой гэж би боддог.

Энэ толийг ашиглахдаа А үсэг дотор хэсэг үг харж байсан. Жишээлбэл, “аадалзах” гэж миний мэдэхгүй үг байгаа юм. Өөрийгөө мундаг хүн гэж их зан гаргаж байгааг “аадалзах” гэж байна л даа. “Аваглах” гэдэг нь хүн бүрт өөрийгөө гайхуулдаг хүн. “Чи битгий аваглаад бай” гэвэл бас ойлгомжтой л санагдсан. “Энэ бол угийн төрөхийн Авид хүн байгаа юм” гэвэл төрөхийн зоригтой, аймшиггүй хүн ч гэдэг юм уу. “Авлис” гэвэл муу юм, чөтгөр шулам, хамгийн муу юмыг нэрлэдэг. “Агширах” гэж байна. “За би ч агширч, нас өндөр болж яваа хүн. Миний үгийг хэн сонсох вэ дээ” гэвэл бас буумаар санагдаж байсан. “Ажин” гэж байна. Манай баруун аймаг руу “Жирхрээ” гэж ярьдаг. “Нэг тийм яриа яваад байна шүү” гэхийг “Нэг тийм жирхрээ сонсогдоод байна” гэдэг шүү дээ. “Чи яагаад аймраад байна” гэвэл яагаад зайлсхийгээд байна гэсэн үг. Зайлсхийгээд, зугтаад гэснээс аймраад гэдэг нь илүү гоё сонсогдож байгаа биз дээ.

Ингэж хэрэглэж чадвал энэ үг явна. Үүнийг амьдруулах хэрэгтэй. Эрдэмтэд, мэргэдийн олон жил санаа зовсон энэ зүйлийг ажил болгож, өнөөдөр нээлтээ хийж байгаад туйлын их баяртай байна. П.Цагаан дарга энэ ажилд сэтгэл зүрхээ өгсөн. “Энэ маш чухал ажил болж байгаа шүү, Ерөнхийлөгч өө” л гээд байгаа. Энэ ажил цаашаа үлдэнэ. Одоо гар утасны хувилбар руу орж байгаа. Шууд гар утсан дээрээ татаад авдаг болж байна. Ингэж ашиглаад явах сайхан боломж бүрдлээ.

Энэ бол монгол хэл, соёл, уламжлалын төлөө олон жил явсан хүмүүсийн бас нэг хүсэл мөрөөдөл биелсэн, цаашид биелсээр байх сайхан ажил. Энэ ажилд сэтгэл зүрхээ гаргаж, техник технологийг ашиглаж, хүн бүхний өмнө авчирч тавьсан хүмүүст их баярлалаа.

Та бүхний ажил үйлс ирэх жил улам дэлгэрч, улам сайхан байх болтугай. Монгол хэл, соёл гэдэг аугаа зүйл улам өргөжин дэлгэрэх болтугай. Их баярлалаа” гэв.

 

Дэлгэрэнгүй...

Гадаад хүний монгол хэлний түвшин тогтоох онлайн шалгалтыг боловсрууллаа

Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ үе шаттай хэрэгжүүлж байна.

2015 онд монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд гадаад хүний монгол хэлний түвшин тогтоох онлайн шалгалтыг боловсруулах ажлыг тусган баталжээ.

Гадаад хүний монгол хэлний түвшин тогтоох онлайн шалгалтыг бий болгосноор манай улсын их дээд сургуульд элсэн суралцахыг хүсэгч гадаадын иргэн дэлхийн аль ч өнцгөөс цахим орчинд шалгалт өгч, мэдлэгийн түвшнээ тогтоолгох боломж бүрдэнэ. Цаашид уг шалгалтыг улам боловсронгуй болгож, гурван түвшин бүхий иж бүрэн шалгалтын сан бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй...

Монгол судлалын мэдээллийн нэгдсэн вэб хуудсыг үүсгэлээ

Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ үе шаттай хэрэгжүүлж байна.

2015 онд монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд монгол судлалын мэдээллийн нэгдсэн вэб хуудсыг үүсгэх ажлыг тусган баталжээ.

Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сангийн вэбсайт гарснаар дэлхийн монгол судлалын байгууллага, монгол судлаачид нэг дороос мэдээлэл авах сайхан боломж бүрдлээ. Түүнчлэн монгол судлалын сургалт, судалгааны төвүүд өөрсдийн үйл ажиллагаагаа энэхүү нэгдсэн санд тогтмол оруулж, мэдээллээ хир идэвхтэй түгээх нь монгол судлалыг дэмжих зардлаас тодорхой дэмжлэг авах нэг хэмжүүр болох ажээ.

 

Дэлгэрэнгүй...

“Монгол сурвалж бичгийн өв” цувралын тэргүүн дугаарт “Юань улсын судар”-ыг хэвлүүллээ

Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ үе шаттай хэрэгжүүлж байна.

2015 онд монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Монгол сурвалж бичгийн өв” цувралын тэргүүн дугаарт “Юань улсын судар”-ын монгол орчуулгын эх бичвэрийг хэвлүүлэх ажлуудыг тусган баталжээ.

“Монгол сурвалж бичгийн өв” цувралаар монгол судлалын холбогдох байгууллага, номын сан, архив, хувь хүмүүст хадгалагдаж буй монголын түүх соёлын ховор чухаг сурвалж бичгийг судалгааны эргэлтэд оруулах юм. Сурвалж бичгийг хадгалж дарах тусам үнэ цэн нь өсдөг гэсэн ташаа хандлагыг халж, соёлын өв дурсгалыг судлах эзэнд нь хүргэж эх сурвалжийн үнэ цэн, ач холбогдлыг улам бодитой болгох, монголын түүхийг сонирхогч гадаад дотоодын өргөн олны эгээрлийг хангах зорилгоор энэхүү цувралыг эхлүүлж байгаа ажээ. Өнөө хир мэдэгдэж буйгаар “Юань улсын судар”-ын ганц бүрэн орчуулга байдаг нь Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Дандаа чянсан хэмээх Дэмчигдоржийн эл орчуулга юм. Энэ удаа “Юань улсын судар”-ын орчуулгын “Хураангуй зүйл”-ээс 69-р дэвтэр хүртэлх хэсгийг 6 ботиор эмхлэн хэвлүүллээ. Ирэх онд үлдсэн 140 дэвтрийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгоно.

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ