Menu

Билгүүн номч, академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдлээ

Билгүүн номч, академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдлээ

"Билгүүн номч, академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган" 9 боть номын нээлт өнөөдөр БСШУЯ-нд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралыг бий болгохоор зорьж тэргүүн дугаарт академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ. 

Энэ онд их эрдэмтний 110 жилийн ой тохиож байгаа учир уг цувралын тэргүүн дугаарыг түүний бүтээлийн чуулганаар эхэлж буй юм. Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган нь түүний судалгааны ажлыг монгол судлалын хамрах хүрээгээр нь зүйлчлэн хэвлүүлснээрээ онцлогтой. Академичийн намтар, судалгааны үзэл баримтлалыг судлах, бүтээлийг нь эмхэтгэж хэвлүүлэхэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэлбичгийн ухааны доктор Э.Пүрэвжаваар ахлуулсан судлаачдын баг гүйцэтгэжээ.

Бүтээлийн чуулган “Монгол бичгийн хэлний зүй-Удиртгал”,“Монгол бичгийн хэлний зүй- Авиазүй”,“Монгол бичгийн хэлний зүй-хэлбэр судлал”,“Монгол бичгийн хэлний зүй-Өгүүлбэрзүй”, “Монгол хэл судлал”, “Монгол утга соёл судлал”, “Монгол аман зохиол судлал”, “Монгол утга зохиол судлал”, “Монгол ард улсын угсаа судлал, хэлний шинжлэлийн атлас” гэсэн ботиос бүрджээ.

Академич Б.Ринчений ач хүү Б.Дэнзэн хэлэхдээ, “Манай өвөө төр засагтай зөрчилтэй, хэлмэгдэж явсан учраас өмнө ингэж ном судар нь хэвлэгдэж байгаагүй. Намайг бага байхад Энэтхэг, Баруун Герман, Франц, Польш, Унгарт бүтээл нь хэвлэгдэж байлаа. Харин Монголд зарим үед ном судар нь хэвлэгдэж байсан ч хэцүү замаар гардаг байсан. Энэ жил тохиож буй өвөөгийн 110 жилийн ойд зориулан төр засгаас ном бүтээлийг нь хэвлэж байгаад гэр бүл, үр хүүхдүүд нь баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

СУИС-ийн тэргүүлэх профессор С.Дулам ярихдаа, “Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй байна. Энэ үед энэхүү цувралыг хэвлүүлсэн нь үр  дүнтэй, оновчтой ажлын нэг боллоо. Хамгийн эхний цуврал болох Ринчен багштаны бүх салбарын шинжлэх ухааны бүтээлүүдээр бүтээсэн 9 ботийн редакториор ажилласандаа олзуурхаж байна. Ринчен багш өөрөө удам судартай монгол судлаач. Түүний аав нь монгол судлаач байсан. Тэгээд хүү нь залгаад 10-аад наснаасаа монгол судлалд нэгэн насныхаа амьдралыг зориулсан. Гадаад орнуудад хэвлэгдсэн олдоц муутай бүх бүтээлийг нь нэг дор үзэх боломж олгосон эрдэмтэн судлаачдын ширээний ном болжээ” хэмээн онцлов.

 

Ирэх онд академич Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэхээр төлөвлөжээ.

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 03:50

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ