Menu

Ц.Шагдарсүрэн: багш минь таван хүний ажлыг ганцаараа хийж явсан

Ц.Шагдарсүрэн: багш минь таван хүний ажлыг ганцаараа хийж явсан

Ц.ШАГДАРСҮРЭН: БАГШ МИНЬ ТАВАН ХҮНИЙ АЖЛЫГ ГАНЦААРАА ХИЙЖ ЯВСАН“Амьдралын тойрог” буланд Нэрт эрдэмтэн, билгүүн номч Бямбын Ринчений 110 жилийн ойг тохиолдуулан түүний шавь, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан Ц.Шагдарсүрэнг урилаа. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд зочилж, их эрдэмтний ойд зориулан ямар ажил хийж байгааг сонирхлоо.

-Шагдарсүрэн багш та өөрийнхөө тухай болон Ринчен багшид шавь орсон тухайгаа ярьж өгөөч?

-Би хэн бүхний мэддэг зудтай жил төрөөд нэгдүгээр арван жил, МУИС-ийг тус тус төгссөн. Төгсөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 24 жил (Энэ хугацаанд 1977-1991 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томьёоны комиссын нарийн бичгийн даргаар хавсран ажилласан), МУИС-д бас 24 жил ажиллажээ. Одоо Олон улсын Улаанбаатарын Их сургуульд ажиллаж байна. 1977 онд Польшийн ШУА-д “Монголчуудын утга соёл” хэмээх сэдвээр Хүмүүнлэгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

1963 оны зун МУИС-ийн нэгдүгээр ангийнхаа шалгалтыг түрүүлж өгөөд аавынхаа дэмжлэгээр Б.Ринчен багшийн ахласан Шинжээний ангийн туслах ажилтнаар Хэнтий, Дорнод аймгаар явснаар багш шавийн барилдлага эхэлсэн. Дараа жил нь ч бас багшийгаа дагаж зун, намаржин Булган, Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгаар явсан юм. 1967 онд сургуулиа төгсөөд “Үнэн” сонинд хуваарилагдсан боловч дээд газраас гурван академичид нэжгээд гарын шавийн орон тоо дөнгөж батлаад байсан тул ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд туслах ажилтнаар орж Б.Ринчен багшаа дагаж ажиллах болсон. Тэр үед хэн бүхний хүсдэг “Үнэн” сонинд очсон бол цалин хангамж өндөр, орон байр баталгаатай ч өөрийн хүсэл, “өөхтэй хавирганаас өлзийтэй хавирга гэдэг юм” гэсэн аав, ээжийнхээ зөвлөснөөр ШУА-д орсон хэрэг. Тэгээд ч буруудаагүй гэдгийг одоо хүртэл номын мөр хөөсөөр яваа миний ажил амьдрал надад нууцхан шивнээд байдаг юм. Ингэж 1963 оноос багшийгаа тэнгэрт халитал нь буюу 1974 он хүртэл даган ажиллажээ.

Профессор Б.Сумьяабаатарын татсан зураг Ц.Шагдарсїрэнгийн хувийн архиваас. 1963 он.

Шинжээний ангийнхан Чингис хааны хєшєєний ємнє. Зїїн гараас оюутан Д.Жамбал, Ц.Шагдарсїрэн, академич Б.Ринчен, Эрдэм шинжилгээний ажилтан Женя-Батнасан

-Одоо Ринчен багшийн шавь олон байна уу?

-Хорвоогийн жамаар цөөрч буй ч, бас байна. Намайг ажилд орохоос өмнө Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор профессор Б.Сумьяабаатарыг дагалдуулан ажиллуулах шийдвэр гарсан байдаг. Тэгээд ч түүнийг Б.Ринчен багшийн “тамгатай шавь” гэдэг хэллэг гарсан нь буй. Багшийн удирдлагаар “Монголын нууц товчоон”-ы ханз үсгийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалсан академич Ш.Лувсанвандан багшийн охин Л.Манлажав багш одоо ч ном эрдмийн ажилдаа махран зүтгэсээр явна. Одоо бидэндээ үгүйлэгдсээр байгаа Чой.Лувсанжав багшийг дурдалгүй өнгөрөх аргагүй. Ер нь багшийн удирдаж хамгаалуулсан хүмүүсийг одоо бодоход Х.Лувсанбалдан тод бичгийн судлалаар, О.Пүрэв Монголын бөө мөргөлийн асуудлаар, Ц.Шүгэр Монгол ном хэвлэлийн түүхээр гэх мэтчилэн цөм л Монголын түрүү үеийн соёл боловсролыг судалсан байдаг юм. Энд монгол ардын язгуур урлагийг сэргээхэд онцгой хүчин зүтгэсэн Ж.Бадараа гуайг оруулахгүй байхын аргагүй. Мөн номын ажлаа албан ёсоор удирдуулаагүй боловч дотор сэтгэлдээ багшаа хэмээн шүтэж, үзэл бодлыг нь даган хөгжөөж яваа шавь олон бий.

-Та ямар чиглэлээр судалгааны ажил хийж ирсэн бэ?

-Миний хийсэн гэх судалгааны ажлын гол чиглэл гэвэл монголчуудын бичиг үсгийн түүх (“Монголчуудын үсэг бичгийн товчоон”, Улаанбаатар, 2001), монголчуудын уламжлалт мэдлэг ухаан (“Монголчуудын утга соёлын товчоон”, Улаанбаатар, 2003), монгол хэлний хөгжлийн түүхнээ холбоотой асуудал гэж хэлж болно. Сүүлийн үед ялангуяа залуу үеийнхэн болон сэтгүүлчдийн эх хэлний боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, монгол хэлэнд гарч ирсэн сөрөг буруу зүйлийг залруулахад анхаарч монгол хэлний мөн чанар, бусад хэлээс ялгарах онцлог, сөрөг үзэгдэл гарах шалтгаан, түүнийг хэрхэн засах тухай “Эх хэлээ эвдэхгүй юмсан” гэдэг номоо хоёр ч удаа хэвлүүлсэн, одоо нэмж дэлгэрүүлэн гуравдугаар хэвлэлийг нь гаргах санаатай.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа бодож үзвэл судалгааны бие даасан хийгээд хамтын ном бүтээл гэвэл 20 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 200 буй. Тэдгээрийн лавтай гуравны нэг нь Монголоос гадна Будапешт, Варшав, Парис, Сөүл, Мюнхен, Праг, Москва, Новосибирск, Лондон, Бээжин, Хөх хот, Өрөмч, Токио, Блүүмингтон, Баруун Вашингтон, Лүвэн, Анкара зэрэг хотноо франц, орос, англи, герман, солонгос, хятад, япон, турк хэлээр хэвлэгдсэн байдаг.

Шинжээний ангийнхан Увсын туульч Дїхэрийнд, 1964 он

-Багшаа дагаж ямар ажлууд хийж ирэв. Хамт ажиллах явцад мэдэрсэн онцгой зүйл юу байв?

-Тэр бүрийг дурдана гэвэл барагдахгүй олон. Судалгааны аргын тухайд ч гэх юм уу, судалгааны чиглэл, сэдвийг сонгох тухайд гэх мэтээр багцлан ярьж болно. Жишээ нь, нэг үгийг судална гэхэд авиа зүй, хэлбэр судлал, өгүүлбэрзүй, утга судлал, үгийн гарал, нутгийн аялгуу, түрэг, манж, солонгос зэрэг бусад төрөл хэлний хамаарал... гэх мэт хэл шинжлэлийн салбар бүрээр, цаашлаад түүх, соёл, гадаад харилцаатай холбож үзэх ёстой. Ийм цогц судалгааг хэл бичиг (Philology)-ийн судалгаа гэдэг.

Судалгааны сэдэв, чиглэлээ сонгох тухайд, тэрхэн үедээ үнэлгээтэй бөгөөд амин хувьд ашигтай ч юм шиг, цагийн аясыг дагасан сэдвийг бус улс монголынхоо алс хэт, Монголын судлалд хэрэгтэй ажил, сэдвийг барьж авах ёстой гэдгийг сайтар мэдэрсэн. Тэр нь нэгэн хэсэгтээ үнэлэгдэхгүй байж ч мэдэх ч цагаа ирэхээр... Тэгээд ч биеийн амрыг харалгүй, тухайн нийгмийн үзэл суртлын аясаар хялбар түргэн хамгаалчих тийм сэдвийг авч яваагүйг миний хийсэн судалгааны ажил батална гэж боддог. Улс төр, номын ёс хоёр таардаггүй нь олон, тэгээд ч “Ном, нам хоёр нохойн амаар нийлдэг” хэмээх үг гарсан буй заа. Залуучууд сэдэв сонгох гэж ядаад багшаа шарлаах нь олон. Бусад хүний өгсөн сэдэв санаа, чадалд нь нийцэхгүй байх нь аль олон. Юм уншаад, эргэцүүлэн боддог хүнд сэдэв мунддаггүй. Тэгж олсон сэдэв сонирхол, чадалд нь илүү ойрхон байдаг.

Б.Ринчен бол Чингисийн чулууны бичгийг судласан хїний нэг юм

-Та академич Б.Ринчен гуайн шавийн хувьд, судлагчийн хувьд дэлхийд нэртэй энэ эрдэмтнийг судлах ажил хэр далайцтай явж байна гэж үздэг вэ. Цаашид ямар чиглэлээр судлах шаардлагатай гэж үзэж байна?

-Ахмад эрдэмтдийн ой тэмдэглэх болгонд тухайн хүний судлалыг буй болгоё, судлая... гэх мэтээр ярьцгаадаг, тэгээд дорвитой юм гардаггүй нь нэг юм хэлээд байгаа хэрэг. Харин тухайн эрдэмтний бүтээлийг үзэж, ашиглаж, эшлэл авч байгаа нь чухамдаа судалж л байгаа хэрэг гэж бодогддог. Дараа дараа үеийнхний судалгаанд хэрэг болох юмтай эрдэмтний бүтээл өөрөө мартагдахгүй, хойч үе нь судласаар байх болно. Харин тухайн үеийнхээ улс төр, үзэл сурталд тааруулсан, дараа  үеийнхний судалгаанд хэрэг нэмэр үл болох бүтээлтэй хүн бол тэгсхийгээд мартагдахаас өөр аргагүй. 

Б.Ринчен багшийн бүтээл одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. 1990-ээд оны эхээр Есөн хөлт хар, цагаан сүлдийг сэргээн бүтээх үед чухам ямар учир утгатай, ямар бүтэцтэйг мэдэх хүн бараг олдохгүй байхад олон жилийн өмнө Австрийн Вена хотноо болсон Олон улсын Алтай судлалын хуралд Ри багшийн тавьсан “Монголын эртний хар цагаан сүлдийн учир” илтгэлийнх нь товчлол анхны гол ойлголтыг өгч байсныг тэр үеийн Батлан хамгаалах яамны Ш.Жадамбаа сайдтай комисст багталцаж явсаны хувьд сайн мэдэх юм.

Өөр нэг баримт бол Ринчен багшийн удирдлагаар зохиосон 244 зурагтай “Монгол Ард Улсын угсаатны зүй, хэл шинжлэлийн атлас” хэмээх хоёр боть бүтээлд архивын данс, аман мэдээ зэрэгт үндэслэн олсон монголчуудын хэдэн зуун овогийн тархацыг газрын зурагт тэмдэглэсэн нь 1990-ээд оны эхээр Ерөнхийлөгчийн зарлигаар монголчууд овогоо сэргээхэд гол хэрэглэгдэхүүн нь болж, одоо ч тухай тухайн нутагт цус ойртох аюулаас сэргийлэхэд анхаарагдахуун болсоор байна. Энэ мэтээр олон баримтыг жагсааж болно.

-Б.Ринчен гуайн  байгуулсан гавьяа юу вэ гээд асуучихвал...?

-“Гавьяа” гэсэн асуултад тань тулгамдаж байгаа ч, бодож үзвэл зохих хариулт байж болох юм байна. Ховор бөгөөд хар амиа хоохойлоогүй, бие сэтгэлээ чилээсэн сайн үйлийг “гавьяа” хэмээн тооцож гэмээ нь ... Багшийн минь өргөн хүрээтэй судалгаа, бичсэн зохиол бүтээл, орчуулгаас нь гадна өнгөрүүлсэн бүхий л амьдрал нь өөрөө гавьяа. Латин сэцэн үгэнд “Үнэнч шударгуу дайсныг, зусар бялдууч нөхрийг төрүүлдэг” (Veritas odium parit, obsequiumamicos) гэдэг ч шударгуу, шуналгүй, өөрийн бодолтой, бодож санасанаа ямар ч даргаас эмээлгүй нүүрэн дээр нь ил хэлдэг төрөлхийн зантай байна гэдэг хэн бүхэнд авсаар байдаг зүйл биш, харин багшийн ийм чанар бол насан туршийнх нь.

Өнгөрүүлсэн амьдрал нь гэвэл ... “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үг байдаг даа. Тэгээд ч улс Монголдоо, шинжлэх ухаанд хоёргүй сэтгэлээр зүтгээд Ринчен багш шиг насан туршдаа өөрийгөө болон эцэг эхээ элдвээр гүтгүүлэн хэлмэгдэж, цаазын ял заагдаж, Японы тагнуул, үндэсний үзэлтэн, хөрөнгөтний үзэлтэн, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн, социализмын ололтыг үгүйсгэгч гэх зэргээр тухайн үеийн улс төрийн хамаг муу муухай нэрийг зүүсэн хүн байхгүй л болов уу! Гэвч багш минь толгой гудайгаагүй

“...түшмэл, намайг яаж үздэг хамаагүй,

түмэн, намайг яаж үздэг хамаатай!...”

(...Мне совсем безрачлино-

Как чиновники смотрят на меня,

Но мне не безразлично

Как смотрит на меня народ!..)

гэж монгол, оросоор шүлэглэн бичээд, боломж байсан ч улс Монголоо орхих сэтгэл өвөрлөлгүй, “Монголын ‘за’ андагаар буй заа” хэмээх өтгөсийн уламжлалыг дагаж, “Монголчууд бид цөхүүлээ, хийх ажил их” гэдэг амандаа хүрч Монголын судлалын бараг бүх чиглэлээр эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, багш гэх зэрэг наад зах нь таван хүний хийх ажлыг ганц биеэрээ гүйцэлдүүлсэн шиг гүйцэлдүүлж явсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. 1937-1942 онд хилс хэргийн учир шоронд байхдаа ч франц хэл үзэж, орчуулга хийж, бас тэр үед зохиож байсан “Орос монгол толь” болон орчуулгын олон зохиолыг хянан зассаар байсан гэдэг баттай баримт буй. Энэ бүхнийг гавьяа биш гээд өөр ямар юмыг гавьяа гэх билээ?!

Хувь хүний зан чанарын хувьд зарим нэг зүйлийг хэлэхэд, багш минь 1946 онд “Цогт тайж” кино зохиолоор Төрийн (тэр үеийн Чойбалсангийн) шагнал хүртээд, гуйвуулгын зардлыг нь нэмж шаг­налын бүх мөнгөө бүт­нээр нь Оросын Эх орны  дайны үед Ленинград  (одоогийн Санкт-Петербург) хотын хамгаалалтад амь үрэгдсэн дайчдын үр хүүхэд, ар гэрийнхэнд илгээж эрдэм сургасан хотынхоо өмнө хариу журмыг гүйцэтгэсэн, 1959-1976 онд ХБНГУ-д хэвлүүлсэн арваад боть номынхоо шагналаар ШУА-ийн Хэвлэх үйлдвэрт хэвлэлийн цоо шинэ дөрвөн машин захиж авчирсан, гадаадад хэвлэгдсэн зохиолынхоо түүврийн шагналыг Вьетнамын дайнд өнчирсөн хүүхдүүдэд илгээсэн ... зэргээс үзвэл шунал уналгүй болохыг нь гэрчилнэ. Энэ бол олноо гэсэн хүний гавьяа яах аргагүй мөн гэж санана.

Баруун гараас Б.Ринчен, Б.Ширэндэв, С.СїрэнжавБаруун гараас Б.Ринчен, Б.Ширэндэв, С.Сїрэнжав

Тувагийн эрдэм шинжилгээний хїрээлэнд, 1968 онТувагийн эрдэм шинжилгээний хїрээлэнд, 1968 он

“ИХ ЭРДЭМТНИЙ ӨВИЙГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА”

Төрийн соёрхолт, нэрт  академич Б.Ринченгийн 110 жилийн ойд зориулж ямар ажил хийж байгаа талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Л.Болдоос тодрууллаа.

- Б.Ринчен агсны 110 жилийн ой тохиож байна. Билгүүн номч хэмээн өргөн олноо хүндлэгдсэн энэ хүн хэн байв, юу хийж бүтээв, ойг хэрхэн тэмдэглэж, түүнийг ямар байдлаар дурсах гэж байна гээд олон асуулт байна?

-Билгүүн номч Бямбын Ринчен багшийн тухай ярихаас өмнө түүнд зориулж, нэрт зохиолч, яруу найрагч Мишигийн Цэдэндорж агсны  бичсэн  “Манай нутгийн уулс” гэдэг  шүлгийг  дуудмаар байна. 

...Цагаан манан хадааж

Цасан шуурга шуурна

Өнжин хонон шуурна

Өвч газрыг гүвнэ

Долоон нэгийн долоо

Долоон долоо дөчин ес хоног

Цасан шуурга тавилаа

Нүд чихгүй цасан шуурга

Нүдээд л байна, нүдээд л байна

Урд шөнө лав

Урд уул нурсан байх аа

Өглөө босоод харахад

Өндөр том уул

Өнөө л хэвээрээ дүнхийнэ... 

 

Энэ шүлгийг уншихад  Төрийн соёрхолт, нэрт академич, дуун хөрвүүлэгч Б.Ринчен  багшийн дүр зураг сэтгэлд буудаг юм. Тэр их хүний тухай эргэцүүлэхэд цагаасаа эрт төржээ гэсэн бодол эрхгүй төрдөг. Дэлхий хавтгай болж байгаа өнөө цагт хэрэв байсан бол, ямар ч өөрчлөлт шинэчлэлт хэрэггүйгээр амьдарч чадахаар бэлтгэгдсэн ганц хүн маань байжээ.

Тэрээр амьд ахуй үедээ нэгдүгээрт, дэл­хийн монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд маш том хувь нэмэр оруулсан, хоёрдугаарт, Монгол түмэн түүх соёлын ямар баялаг их өвтэй вэ гэдгийг дэлхий нийтэд таниулснаас гад­на өөрийн ард түмнээ соён гэгээрүүлэх үйл­сэд томоохон гавьяа бай­гуулсан юм. Ийм үнд­сэн чиглэлүүдээр хийж гүйцэт­гэсэн түүний олон талт үйл ажиллагааг эргэн дурсах, эрдэм шинжилгээний их өвийг нь олон улсын хэмжээнд ярилцахын тулд Б. Ринчений 110 жилийн ойг угтан  шинжлэх ухааны байгууллагаас эрхлэн хэд хэдэн багц ажлыг өрнүүлээд байна. 

-Юуг нь онцолж анхаарав?

-Б.Ринчен гуай 1956 онд Унгар улсын шинжлэх ухааны академид  Монгол Улсаас хамгийн анхлан монгол хэл шинжлэлийн доктор цолыг хүртсэн хүн. Судалгааны тэр бүтээлийг нь хожим дэлгэрүүлэн дөрвөн дэвтэр болгон хэвлүүлсэн боловч тухайн цагийн үзэл суртлын цензураас болж хасагдсан юм билээ. Гэвч энэ бүтээл бол монгол хүн, монгол хэлээрээ судлан гаргаж олноо хүртээсэн монгол хэл судлалын анхны дорвитой бүтээл юм. Энэ чанараараа ч монгол хэл судлалын тугийг өөрийн орондоо мандуулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ гавьяаг нь дэлхийн Алтай судлалын холбоо өндөр үнэлж алтан медалаа хүртээсэн байдаг. Бид Унгарын ШУА-тай ярьж, дессартацийн эх хувийг цахим бичвэрээр олж авсан. Уламжлалт монгол бичгээр бичсэн мянга гаруй хуудастай ном байна билээ.

Түүнийг нь крилл үсэгт буулгаж уламжлалт монгол бич­гээр бичсэн дискийн хамт уншигчдадаа хүр­гэх гэж байна. Мөн бичиж нийтлүүлсэн хэл шинж­лэлийн холбог­дол­той сон­годог өгүүллүүдийг нь нэгэн боть болгож дахин хэвлүүлнэ. Үүний зэрэгцээ үндэсний утга зохиолын хэлний нийгмийн үүргийг дээшлүүлэхэд нэг чухал нөхцөл болсон шинжлэх ухаан, техникийн нэр томьёоны талаарх бү­тээ­­лүүдийг нь эмхэтгэн гаргахаар төлөв­лөж байна. Түүнчлэн 1959 онд Олон улсын хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг Улаанбаатар хотод зохион байгууллахад голлох үүр­гийг гүйцэтгэснийг тэм­дэг­лэх хэрэгтэй. ШУА-ийн Хэл зохиолын хүрээ­лэнгээс эрхлэн гаргаж буй “Хэл зохиол судлал”, “Аман зохиол судлал”, “Монгол судлал”, “Дурс­галт бичгийн чуулган” зэрэг цуврал бүтээ­лийг Ринчен баг­шийн санаачлагаар бий болгож эдүгээ ч хэв­­лэн нийтлүүлсээр байна. Ринчен багшийн бүтээ­лүүд зөвхөн хэл шинж­лэлийн төдийгүй монгол туургатны аман зохиол, бичгийн хэлний өв соёл, зан заншил, орчуулга туурвил гээд асар өргөн хүрээтэйг та бид мэднэ. Жишээлбэл: тухайн үеийн баруун Герман улсад нийтлүүлсэн монгол ардын аман зохиолын таван боть бүтээл мөн гадаад оронд зохиогдсон эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлбэрээр тавьсан олон өгүүлэл, “Монгол Улсын угсаатны зүйн хэл шинжлэлийн атлас”, “Монгол нутаг дахь гэрэлт хөшөө, хадны бичиг”, “МАУ-ын Хамниган аялгуу” зэргийг нэрлэж болно.

Эл бүгдийг бүрэн хамруулж энэ удаад хэвлэж амжихгүй болоод байна. Нөгөөтэйгүүр их эрдэмтний маань ойд бусад байгууллага, хувь хүмүүс ихээхэн анхаарч байна. Тэд ч бас дор бүрдээ юм хийж байна. Ринчен багшийн “Бэр цэцэг”  түүврийг крилл болон уламжлалт монгол бичиг, орос орчуулгатайгаар нэгэн боть болгон “Равжаа сан”-гийнхан хэвлүүлж байна. Мөн  Б.Ринченгийн бүтээл дэх Ойрад судлалтай холбогдох номыг “Тод номын гэрэл” төвийнхөн бас хэвлэж байна. Ойн үеэр зохиогдох олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад манай БСШУЯ, ШУА, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар ихээхэн анхаарч тусалж дэмжиж байна. Мөн хамтран ажиллаж байгаа бүх байгууллагад талархаж буйгаа илэрхийлье.

-Түүнээс гадна Б.Ринчен гуайн үлдээ­сэн аман зохиол, нут­гийн аялгуу, хээрийн шин­жил­гээний ангийн баялаг өв бий гэдэг. Энэ талаар юу хийж байна вэ?

- Манай хүрээлэнд манай ахмад үеийн эрдэмтэд, түүний дотор академич Ринченгийн бүрдүүлсэн хээрийн шинжилгээний асар их баримт материал хадгалагдаж байдаг. Тухайлбал, соронзон хальсанд бичсэн мянга гаруй цагийн бичлэг, 1200 орчим тод ном, түүнээс дутуугүй монгол бичгийн ном, төвд ном зэрэг энэ арвин их өв бол монгол судлалыг хөгжүүлэх үндсэн бааз суурь болсоор ирсэн, цаашид ч байсаар байх юм. Харин бид эдгээр соронзон бичлэгийн хальсыг тоон үзүүлэлтэд шилжүүлэх, ном судруудыг цахим хэлбэрт оруулах, хээрийн шинжилгээний ангиар бүрдүүлсэн нут­гийн аялгууны хэрэг­лэг­дэхүүнийг нарийвчлан судлах зорилгоор сүүлийн үеийн тоног төхөөрөм­жийг аваад байна. Монгол хэлний нутгийн аялгууны асар их хэрэглэгдэхүүнийг боловсруулах лабораторийн багаж төхөө­рөмж авсан явдал нь цаашид үе үеийн судлаачид ашиглах найдвартай эх сурвалж болох юм.

Энэ бүхнийг харгалзаад Ринчен багшийн үйл хэргийг мөнхжүүлэх үүднээс манай хүрээлэнгийн дуун ухааны сан хөмрөгийг Ринчен багшийн нэрэмжит болгохоор зохих байгууллагуудад хандаад байна. Одоогоос арван жилийн өмнө,  100 жилийн ойг нь тэмдэглэхэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дунд сургуулийг Б.Ринчений нэрэмжит болгож, хөшөөг нь босгохоор шийдвэрлэсэн байдаг. Өнгөрсөн намар хөшөөг нь бүтээж,  хичээлийн шинэ жилээр нээлтийг нь хийсэн. Хэдийгээр төсөв, зардал нь улсаас гарсан ч уг хөшөөг Б.Ринчен багшийн ач хүү Б.Дэнзэн, Б.Лигдэн нар бүтээж, өвөөдөө сайхан бэлэг барилаа.

-Сүүлийн үеийн шинэ сонин мэдээлэл байна уу?

-Өмнө нь судлагдаж байгаагүй, саяхнаас ил болсон зүйлүүд бий. Тухайлбал, Б.Ринчен багш Алтанбулаг хотод Бул Сарай гэдэг газар төрсөн тухайгаа бичиж үлдээсэн байдаг. Тэр газрыг нь нутгийн зөвлөлийнхөн олж тогтоосон байдаг. Түүнээс гадна Алтанбулагт Ринчен багшийн хичээл зааж байсан гэдэг, мөн Билигсайхан багштайгаа хамт ном бүтээл туурвиж байсан дүнзэн бай­шин бий. Ойд зориулсан хурлын үеэр бид тэдгээр газруудад очиж багшдаа хүндэтгэл үзүүлнэ. Дашрамд сонирхуулахад, “Цогт тайж” киноны 70 жил, Монголын анхдагч романуудын нэг болох “Үүрийн туяа” зохиолын түүхт ой гээд олон түүхт үйл явдал энэ үеэр давхцаж байгаа.

-Хуралд хэдэн орны эрдэмтэн, судлаач оролцох вэ?

-Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед манай улсын бололцоо, боломжоос хамаарч, бүх эрдэмтдийг хүлээж авч чадахгүй нь тодорхой. Гэхдээ одоогоор олон улсын арваад эрдэмтэд манай хуралд хүрэлцэн ирэхээр болоод байна. Мөн манай улсад суугаа ОХУ, Унгар, Чех, Польшийн элчин сайдууд манай үйл ажиллагаанд оролцоно. Ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эхний өдрийн хуралдааныг Улаанбаатар хотноо, хоёр дахь өдрийн хуралдааныг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо хийхээр төлөвлөөд байна. Энэ хурал дэлхийн монгол судлал, тэр дундаа Б.Ринчен судлалд үлэмжхэн хувь нэмрээ оруулна гэж бид ихээхэн найдаж байна.

Б.Ринчений нэр томъёо судлалд хийсэн бүтээлүүдийг судалжээ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор О.Шинэбаяр “Б.Ринченгийн хүүрнэл зохиолын ур чадварын асуудалд”  нэг сэдэвт  судалгааны бүтээл хийж, докторын зэрэг хамгаалсан юм. Сүүлийн үед ямар судалгаа хийж буйг сонирхоход  “Академич Б.Ринченг олон хүн судалдаг. Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд маш их гавьяа байгуулсан. Ингэхдээ доктор Шагдарсүрэнгийн хэлснээр “Таван хүний ажлыг нэгэн биедээ үүрч явсан.  Монголын ард түмний дунд үндэсний бахархал, домог болсон ийм хүн. 110 жилийнх нь ойгоор манай хүрээлэнгээс олон ажил хийж, эрдэмтэн, судлаачид оролцож байгаа. Миний хувьд ойг угтаж, “Б.Ринченгийн нэр томъёо судлалд оруулсан хувь нэмэр” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн нэг сэдэвт бүтээл хэвлүүлж байгаа. Б.Ринчен Улсын нэр томъёоны комиссын гишүүн байсан. Нэр томъёоны анхны толь бичгүүдийг 1932 оноос эхлэн хэвлүүлсэн байдаг. Ер нь 1924 оноос эхлэн түүний ажил, амьдрал улсын нэр томъёотой салшгүй холбоотой явж ирсэн. 1927 онд Ленинградын Дорно дахины судлалын инс­титутыг төгсч ирээд Судар бич­гийн хүрээлэнгийн Дуун ухааны тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажилласан байдаг. Тэнд Жамъян гүн, Бат-Очир,Гэлэгжамц дооромбо, Ж.Цэвээн нарын эрдэм номтой хүмүүсээс олон зүйлийг сурч мэдэж, салбар бүрийн нэр томъёог бүрэн төгөлдөр болгох  ажилд шаргуу орсон.

Цаг үе нь ч тийм байсан. Тухайн үед мэргэжлийн сэхээтэн хүрэлцээгүй, янз бүрийн салбар, мэргэжил, мэргэшлийн нэр томъёог эх хэлнээ дүйцүүлэн хөрвүүлэх туршлага нимгэн байсан. Тэгэхээр яах аргагүй анхны сэхээтнүүдийн нуруун дээр их ачаа буусан. Ингээд хамгийн анх “Орос, латин, монгол гурван нийцэт утгын ургамлын аймгийн нэр томъёоны толь бичгийг гаргасан байдаг. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал тулгамдсан асуудлын нэг байгаа. Англиас, оросоос шууд орчуулснаар үгийн, утгын маш зөрүүтэй зүйлүүд бий болж байгаа, тухайн үед оролдлого хийж байснаараа онцлог. Бодисзүйн ухаан, хувилахуйн ухаан, газар зүй-цаг уурын нэрс, тооны ухааны дөрвөн цуврал толь бичиг гаргасан. 1942 он хүртэл нэр томъёоны ажил Б.Ринчен гуайн удирдлагаар зүй зохистой явсан. 1990-ээд онд нэр томъёоны олон ном гаргасан нь түүний ажилтай холбоотой юм” гэв.

Монгол хэлзүйн есөн ботийг хэвлүүлнэ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн олон жилийн түүхтэй. Монголын шинжлэх ухааны салбарын хамгийн ууган байгууллагын нэгийн хувьд ахмад эрдэмтэн олонтой. Ахмад эрдэмтдийнхээ ойг тодорхой хэмжээнд тэмдэглэдэг, тэр хүрээн­дээ ном бүтээлийг нь хэв­лүүлдэг. 2013 оноос “Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн өв” гэсэн цув­рал гаргаж ирсэн. Энэ удаа Б.Ринчений   мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан, эрдэм шинжилгээний бүтээл, зохион байгуулалтын талаар бичиж байсан зүйлүүдийг нь эмхтгэж нэг боть гаргахаар болжээ.  Бусад хүмүүс ч түүний ажил үйлстэй холбоотой бүтээлүүдээ хэвлүүлж  байгаа юм. Тухайлбал, Монгол хэлний үндэсний зөвлөлөөс монгол хэлзүйн талаар хийсэн бүтээлүүдээр нь есөн боть гаргахаар болжээ.

Түүний зэрэгцээ  “Б.Ринчений үйл амьдрал, эрдэм шинжилгээний ажил, амьдралтай холбоотой зайлшгүй байх ёстой зүйл бол шинжлэх ухааны байгууллагын удирдан зохион байгуулагч байс­ныг тэмдэглэх нь зүйтэй. 1959 онд тухайн үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Олон улсын монголч эрдэмтдийн анх­дугаар их хурлыг санаачлан зохион байгуулсан. Энэ хурлын 11 дэх удаа­гийн­хыг ирэх жил Улаан­баатар хотноо хийх гэж байна. Хурлыг угтаж, тухайн үеийн Хэл бич­гийн хүрээлэн хэд хэдэн цуврал баримт бичгүүдийг санаачилж , түүний нэг нь “Хэл зохиол судлал” сэтгүүл юм. Б.Ринчен гуайн Хэл бичгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа гаргаж, олон улсад нэрд гарсан  “Аман зохиолын чуулган”, “Дурсгалт бичгийн чуулган” сэтгүүлүүдийн дугаарыг бид өнөө ч гаргасаар байгаа.

Монгол судлалыг, монгол хэл- бичгийн салбарыг  цогц шинжлэх ухаан болгоход Б.Ринчен гуайн оруулсан хувь нэмэр асар их. Тэр хүний удирдаж байсан судлалын ажил өнөөдөр өргөжиж, Алтай судлал, Төвд хэл судлал, Нэр томъёо судлал гэсэн гурван цувралыг нэмж гаргаад байна. Үйл хэрэг нь ийнхүү  тасралтгүй өргөжин хөгжиж байна” хэмээн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Түвшинтөгс ярилаа. 

Зууны мэдээ

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 04:10

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ