Menu

Билгүүн номч Б.Ренчингийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

Билгүүн номч Б.Ренчингийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

Их зохиолч, Билгүүн номч Б.Ренчингийн мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол Судлалын Хүрээлэн хамтран "Монгол хэл бичиг, өв соёлын асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлаар Б.Ренчингийн намтар, уран бүтээл, Монголын төр нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүлээ.

Хурлын үеэр БСШУ-ны дэд сайд Б.Тулга, “Б.Ренчин гуайн Монгол Улсад оруулсан хувь нэмрийн үнэлж баршгүй юм. Бидний өнөөг хүртэл судалж байгаа шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн байгуулагч. Мөн улс төр, ардын урлаг зэрэгт хамгийн анхны судлагаа хийж, дэлхий нийтэд Монгол судлал болгож гаргаж ирсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Тиймээс энэ хүний их үйлсийг Монгол төдийгүй олон улсын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг мартах ёсгүй юм” гэлээ.

Уг хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Чех улсын 20-иод их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын 40 гаруй нэрт монголч эрдэмтэд, ахмад болон залуу судлаачид оролцлоо.

20 дугаар зууны Монголын сэхээтэн, соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлаач Еншөөбү Бямбын Ринчен 1905 оны 11 дүгээр сарын 21-нд Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумы Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднажавын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Раднажав манж, хятад, орос хэл бичигтэй тухайн үед өндөр боловсролтой сэхээтэн, Хиагтын хязгаарын комиссарын Яамнаа манж, хятад, Монгол хэлний орчуулагчийн алба хааж асан, дэвшилт үзэлтэй хүн байжээ. Ринчен 7 настайдаа Билигсайхан гэгч Монгол, манж хэл бичигтэй хүнд шавь орж Монгол, манж хэл бичиг заалган сурчээ. Улмаар Орос Улсын хязгаарын комиссарын Яамны Монгол, манж хэлний орчуулагч Каленов гэгч хүнээр орос бичгийн хэл заалгаж 1914 онд Дээд Шивээний дундад сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж 1917 оноо Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг төгсчээ. Б.Ренчин 1924 онд Зөвлөлт Улсын Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцжээ.

Тэрбээр 1927 оноос Гэгээрүүлэх Яамны харъяа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, 1937 онд хилс хэргийн улмаас баривчлагдан шоронд сууж 1942 оны 4 дүгээр сард суллагджээ. Мөн үеэс “Үнэн” сонины газарт 16 жил ажиллаж, 1958 онд Шинжлэх ухааны Хүрээлэн /хожим ШУА болсон/-д шилжин ажиллаж хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс ШУА-ын жинхэнэ гишүүн, академич болсон. Ренчин 1956 онд Унгар Улсын ШУА-д “Монгол хэлний зүй” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг Монгол Улсаас анх удаа хамгаалсан байна. Мөн 1970 онд Унгарын ШУА-ын гишүүн болжээ. Б.Ренчин Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл, сонины нийтлэл бичиж, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг Монгол хэлнээ хөрвүүлсэн билээ.

Ч.Ариунболд

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 04:12

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ