Menu

Академич Б.Ринчений хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэлээ

Академич Б.Ринчений хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэлээ

Дорноговьчууд ноён хутагт Д.Равжаагаараа, Өвөрхангайнхан өндөр гэгээн Занабазараараа, Дундговийнхан уртын дууч Норовбанзадаараа бахархдаг бол буурал түүхийн өлгий Сэлэнгэ түмэн маань агуу их эрдэмтэн Б.Ринченээрээ бахархдаг билээ. Нэр эрдэмтний 100 насны ойгоор буюу 2005 оны 07 сарын 06-ны өдрийн МУ-ын ЗГ-ын 153 тоот тогтоолоор Алтанбулаг сумын сургууль түүний нэрэмжит болж байсан юм. Харин 110 жилийн ойгоор нэрэмжит сургуулийн үүдэнд цээж хөшөөг нь босгож мөнхжүүлэх үйл ажиллагаа тохиолоо.

Энэ их хүний мэндэлсний 110 жилийн ойг Сэлэнгэ нутаг даяараа өргөн дэлгэр тэмдэглэж байна. 110 жилийн ойг угтаж монгол бичгийн улсын олимпиад, “Б.Ринчен 110” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг Монгол улсын хэмжээн дэх томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, их үйлс, дурсгалыг нь мөнхүүлэх ажлуудыг Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас явуулаад байгаа. Эрдмийн их баярын өдөр давхар тохиосон эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, угсаатны зүйч, ардын билэг зүйч, түүхч, байгаль шинжээч, хэл шинжлэлийн ухааны ууган доктор, академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд Алтанбулаг суманд хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, БСГ-ын дарга Д.Загдгочоо, ХГБХХ-ийн дарга Д.Оюун, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй нарын албаны хүмүүс, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, палентологийн шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд, ач хүү уран барималч Б.Дэнзэн, ач хүү герман хэл судлаач Б.Лигдэн нарын төрөл төрөгсөд, МУ-ын СГЗ, Ардын уран зохиолч, Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч Т.Галсан, түүхийн шинжлэх ухааны доктор, Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” Ө.Бавуу, МЗЭ-ийн болон Алтан өд шагналт зохиолч яруу найрагч Н.Сүхдорж, ахмад зохиолч Л.Банзрагч нарын зохиолчид оролцлоо.

Алтанбулаг сумын Б.Ринчений нэрэмжит сургуулийн захирал Б.Эрдэнэ-Очир: 

20 дугаар зууны нэрт соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн Б.Ринчений хөшөөний нээлт, эрдмийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн төр засаг, аймаг орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчиддаа Монгол орны умард хязгаарт 1922 оны 10 сарын 26-нд эрдмийн үүдээ нээсэн 93 жилийн замналтай монгол улсын хөдөөгийн анхны сургуулийн хамт олны чин сэтгэлийн талархалыг ирлэрхийлж мэндчилье. Их эрдэмтэн маань Алтанбулагийн сайдын яаманд тал бичээчээр ажиллахын зэрэгцээ Алтанбулагийн бага сургуульд дэлхийн байгалийн тухай хичээл зааж, эх орны умард хилд соёлын үрийг түгээн дэлгэрүүлсэн орчин цагийн боловсролын анхын багш нарын нэг байлаа. МУ-ын ЗГ-ын 2005 оны 07 сарын 06-ны өдрийн 153 тоот тогтоолоор билгүүн номч Б.Ринчений нэрэмжит сургууль болсноороо бид нэн бахархдаг. Бахархаад зогсохгүй монгол үндэсний бичиг соёлын төлөө зүрх сэтгэлээ зориулсан түүний түүхэн гавъяаг алдаршуулж, 2005, 2012 онуудад төвийн бүсийн аймгуудын, 2015 оны 4-р сард монгол бичгийн улсын 12-р олимпиадыг монголын орчин цагийн боловсролын түүхэнд анх удаа их эрдэмтний нэрэмжит олимпиад болгон зохион байгуулсан.

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

МУ-ын хэл шинжлэлийн ухааны ууган доктор, БНМАУ-ын анхны 9 академичийн нэг, тухайн цаг үеийнхээ үндэстний сэхээтний шилдэг төлөөлөгч, шинэ цаг үеийн оюун санааны чиглүүлэгч, төрийн шагналт, билгүүн номч, нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Б.Ринчен бол бидний хувьд нэр төр, алдар хүндэтгэлийн үлгэр дуурайл болсон их хүмүүний нэг юм. Эх орон нутаг усныхаа түүхэн уламжлал бүхэнд сэтгэлээ чилээж, монгол үндэстний оюуны дархлааг хамгаалан манаж байсан тэр их хүмүүн бидний дэргэд, Алтанбулаг суманд төрж өссөн. Өнөөдөр та бид энэ их хүмүүний хөшөөг босгож, хойч үеийнхэнийх нь бахархалыг сэргээж байна. Судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн энэ их хүмүүн монгол бичгийн хөгжил уламжлалыг хадгалах, өвлүүлэн үлдээх, цаашдын хөгжилд онолын боловсруулалт хийх,боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан шилдэг эрдэмтэн юм.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:

Монол үндэстний оюун ухаан, авъяас билгийн оргил, эрдэмтэн зохиолч Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой, шинэ хичээлийн жилийн нээлтийн эрдмийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монгол хүний оюун ухаан авъяас билгийг өөрийн бүтээл туурвил, амьдралын замналаараа батлан харуулсан, эх орон, үндэс угсаа, эх хэл, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж, түүнийхээ төлөө тууштай тэмцэгч хүн бол Б.Ринчен агсан байлаа. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монгол хэл бичиг, угсаатны зүй судлаач Б.Ринчен алдарт “Цогт тайж” зохиол, “Үүрийн туяа” гурвалсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт романыг туурвисны зэрэгцээ, гадаадын суу билэгт зоиолчдын бүтээлүүдийг бидэнд хөрвүүлэн үлдээсэн хүн билээ. Монголын ард түмний соёлын өв уламжлалыг судлан сурталчилж, үндэснийхээ бичгийн хэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч “Монго бичгийн хэлний зүй” 4 боть, “Угсаатны хэл зүй” лавлах ном бүтээсэн нь олон нийтийн оюун ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Сэлэнгэ аймаг энэ их хүнийхээ ойг он дуустал олон арга хэмжээгээр өрнүүн тэмдэглэхээр төлөвлөж байна. Өнөөдөр аймаг орон нутгийн хүсэлт, санаачлагыг дэмжиж МУ-ын ЗГ-аас их эрдэмтний хөшөөг эх орны хойд хил дээр босгож мөнхжүүлж байгаад талархаж байна. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, түүх соёлоо хүүхэд багачууд, ирээдүй хойч үеийнхэн маань нэн хайрлан дээдэлж, бадруулан мөнхжүүлж, эгнэгт хэтийг сахиж, галыг манахын билэгдэл болгон энэхүү хөшөөг босгож байгаа билээ. Их эрдэмтний монголын түүхэнд үлдээсэн ул мөр, бүтээл туурвилаар бахархаж, түүнээс суралцаж, монгол үндэсний түүх их хэл соёлоо эрхэмлэн дээдэлж, их эрдэмтний замналыг үргэлжлүүлэх эрдэмтэн мэргэд Сэлэнгийн үр садаас олноороо төрөн гарах болтугай. Сайн бүхэн өдөр бүр өрнөж, сар болгон сайжирч, жил бүр жигдэрч, мянган жилдээ мятрашгүй байхын ерөөл өргөе.

Б.Ринчений хүү Барсболд

Өнөөдрийн энэ үйл ажиллагаа нь МУ-ын түүхэнд тэмдэглүүштэй сайхан үйл явдал болж байна. Эрдэмтэн зохиолч маань залуу цагаасаа монгол улсын түүх, үндэсний соёл, чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх, батжуулах тал дээр ихээхэн ажил хийсэн хүн. Амаргүй цаг үед олон бэрхшээлийг даван туулсан. Монголчууд байх нь үндэстний соёл түүний илэрхийлэл, бичиг үсэгтэй холбоотой гэдгийг илэрхийлэн ярьж, тэмцэлдэж байсан хүн. Өнөөдрийн энэ сайхан өдөр энэхүү хөшөөг байгуулахад тус дэм үзүүлсэн МУ-ын Засгийн Газар, Сэлэнгэ аймгийн удирдлага, сургуулийн хамт олон, сурагчдад талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

СГЗ, Ардын уран зохиолч Т.Галсан

Багшийнхаа 100 насны ойгоор хөшөөг нь Улсын төв номын сангийн үүдэнд ард иргэдээс санал авч байж байгуулж байлаа. Өнөөдрийн энэ арга хэмжээ ганц Сэлэнгэ аймаг бус Монгол улсын хэмжээнд тэмдэглүүштэй томоохон арга хэмжээ болж байна. Арга хэмжээг нэр төдий биш жинхэнэ утга агуулгаар нь бүтэн жилийн турш тэмдэглэж байгаа Сэлэнгэ аймгийн удирдлагын багийнханд талархалаа илэрхийлье. Миний ибе “Аугаа их Ринчений аянган үгс” хэмээх 2 боть номыг энэ онд багтааж та бүхнийхээ гар дээр хүргэхээр бэлтгээд байна.

Ёслолын арга хэмжээнд оролцсон хүндэт зочид төлөөлөгчид ийн сэтгэлийн үгээ илэрхийлсэн. Их эрдэмтний нэрэмжит Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 28 бүлэгт 787 сурагч, шинээр 1-р ангид 90 сурагч элсэн орж байна. Энэ хичээлийн жилийн онцлог ь МУ-ын боловсролын шинэчлэлийн ажлын хүрээнд суурь боловсролын цөм хөтблөрийн шинэчлэлийг эхлэх гарааны жил, өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжүүлсэн бага боловсролын цөм хөтөлбөрийг үргэлжлүүлэх юм.

Ёслолын ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Алтанбулаг сумын сургуульд мэдээлэл зүйн кабинетийн тоног төхөөрөмж, бүтэн кабинетий батламжийг гардуулан өгч, нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас Р.Барсболдыг аймгийн дээд шагнал “Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэг”-ээр, их эрдэмтний дүрийг бүтээсэн ач хөвгүүд болох Дэнзэн, Лигдэн нарт Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж, Сэлэнгэ аймаг зах зээлд шилжсэнээс хойш анх удаа газар тариалангийн үйлдвэрлэлд 16,7 цн ургац авснаа билэгдэн бүтээсэн тариан алтан түрүүн цомыг хадгалуулахаар гардууллаа.

УИХ-ын гишүүн С.Баярцогт зохиолч Т.Галсангийн “Аугаа их Ринчений аянган үгс” гэдэг 2 боть зохиолыг энэ ондоо багтаагаад Сэлэнгэ түмнийхээ өрхийн тоогоор хэвлүүлж санхүүжүүлэхээ амлав.

Эрдмийн их үүд хаалга нээгдсэн энэ л баярт өдөр Монгол улсын хойд хил Алтанбулаг суманд билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчений хөшөө хойч үеийнхэндээ үл мартагдах, мөнхөд дуурсагдаж байхаар сүндэрлэлээ.

Сүүлд засварласанПүрэв, 03 12-р сар 2015 06:16

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ