Menu

С.Чулуун: Одоогийн улс төрийн хэмлэлдээн XV зууны Бага хаадын үеийнхтэй адил байна Онцлох

С.Чулуун: Одоогийн улс төрийн хэмлэлдээн XV зууны Бага хаадын үеийнхтэй адил байна

-17 дугаар зууны үеийн Монгол буюу түүхийн 100 жилийн алдаа, оноог шүүж тунгаасан энэ судалгаагаараа Та юуг өгүүлэхийг хүссэн бэ?

-Монголчууд ба оросууд, Манж Чин улсын үеийн 17 дугаар зууны үеийн түүх ямар хэрэгтэй вэ гэвэл өнөөдөр Монгол Улс хоёр хөрштэйгээ яаж харилцах тухай үндсэн концепци үнэндээ тэр үед бий болсон. 17 дугаар зууны Монгол бол Эзэнт гүрний дараах Манж чин улсын өмнөх Монгол. Миний энэ судалгаагаар 17 дугаар зууны үеийн Монголын ертөнцийг Монголчууд хэмээх нэгэн томоохон ай савд багтаан авч үзсэн.

Монголд халх, буриад, дөрвөд зэрэг олон угсаатны бүлэг бий. Бид гэхдээ нэг хэлтэй, угсаа гарал, газар нутаг нь ч нэг.  Хоёрдугаарт, тэр үеийн Монголын түүхэнд Орос, Монгол эсвэл Монгол Манж гэж хоймсон харилцаа биш, гурвалсан харилцаанд авч үзэж байж бүх зүйл тодорхой, бие биедээ нөхцөлдсөн харилцаа буй болно. Энэ диссертацийн 70 хувь нь өмнө нь гарч ирээгүй шинэ баримт. Одоо диссертациа ном болгож боловсруулах ажлаа хийж байна даа.

-Тэр баримтуудаа Та хаанаас олж авав?

-Оросын Эртний улсын архив, бусад улсын архив, номын сан, музейн сан хөмрөгөөс. Мөн Бээжин, Польш, Тайванийн архивын баримтууд ч нэлээд бий. 17 дугаар зуунд Оросоос Монголд, Монголоос Орост очсон 40 гаруй элчийн өдрийн тэмдэглэлийг ашигласан.  Тэр элч нарын замаар өөрөө явж, түүхэн үйл явдал болж өнгөрсөн газруудад очиж, элч нарын замын тэмдэглэлийг биеэр шалгаж, сурвалж, аман түүх, түүхэн газарзүйн судалгааг цогцоор авч үзэхийг зорьсон.

-Тухайн үеийн ул мөр байх юм уу?

-Жишээлбэл, Нэрчүүгийн гэрээ хийсэн Хархираагийн ойролцоох Нерчинкс буюу Нэрчүү хотод зорьж очлоо. Туурь байна, газрыг нь очиж үзсэн байхад төсөөлж бичихэд хэрэг болно. Гол мөрөн, ус гольдрил, байгалийн тогтоц, нутгийн ардын аман яриа, домог үлгэр гэх мэт, сурвалжид гарч байгаа газар усны нэрүүд ч байна. Оросын нэг элчийн Тува, Хакасаар явсан замаар явлаа. Тэр элчийн тэмдэглэлд 12 газрын нэр байсан. 400 жилийн дараа буюу одоо өнөөх 12-оос ес нь хэвээрээ байна. 17 дугаар зууны үеийн Оросуудын дорно дахинд явуулж байсан бодлого өнөөдөр тасралтгүй үргэлжилсээр байна.

Оросын өнөөгийн бодлого, үйл ажиллагааг зөв танья гэвэл тэр үеийн түүхийг сөхөхөөс өөр аргагүй. Нэг үгээр хэлбэл Оросын нүүдэлчдийн талаар явуулах бодлого үйл ажиллагаа энэ үед төлөвшин тогтсон гэж болно. Нэг зүйл хэлье. Өнөөдөр Орос, Хятад хоёр харилцах гурван зам байна. Нэгдүгээрт, 17 дугаар зууны үед Ойрадын газар нутгаар дамжиж Бээжинд хүрч байсан Оросын элч нарын зам. Хоёр дахь нь, Монголын төв хэсгээр дамжсан одоо төмөр зам тавьж байгаа зам. Оросоос Тува руу төмөр зам тавьж байгаа, урагшаа Хятад руу төмөр зам тавих гээд байна. Энэ чинь 1619 оны үед Хотгойдын Алтан хаадтай оросууд харилцаж байсан зам.

Гурав дахь нь, Транс Сибирийн төмөр зам гэж Оросоос Байгаль нуураар дамжиж Хятад руу ордог зам. Хамгийн дөт, аюулгүй зам нь Транс Сибирийн төмөр зам байсан. Энэ замуудыг 17 дугаар зуунд нээсэн. Энэ замыг Орос Хятадууд сэргээгээд, Талын зам төсөл хэрэгжүүлж эхэллээ. “Нэг бүс нэг зам” гээд байна шүү дээ. Энэ бүхэн бүгд 17 дугаар зууны үед эхэлсэн. Бид тэндээс харж байж стратегийн бодлогоо тодорхойлох ёстой. Манж улс одоогийн Хятадын газар нутагт байсан. Тэд Монголын талаар юу ярьдаг, яаж харилцдаг, асуудлыг хэрхэн шийддэг, монголчууд юун дээр алдаа гаргадаг юм гэх мэтээр бүх зүйлийг судалж, дүгнээд бодлогоо тодорхойлдог байсан.

-Тэгвэл түүхч хүний хувьд өнөөдөр Орос, Монголын харилцаа ямар түвшинд байна гэж хэлэх вэ?

-Мэдэхгүй. /инээв/ Манайхан орос хэлтэйгээ Оросыг мэддэг гэж боддог. Хятад хэлтэйгээ Хятадыг мэддэг гэж боддог. Үгүй юм, тухайн улсын явуулж буй геополитикийн бодлого, тэр улсын баримталж буй зарчим түүхээс л харагддаг. Хоёр хөршүүд түүхээ харж ажилладаг шүү. Харин манай улс түүхээ харахгүй байгаа, түүхээ харахаас ч эмээнэ. Өөрийн түүхээ үл тооно, бусдыг шүтнэ.

-Дараагийн судалгааны сэдэв тань юу байх вэ?

-Нарийн тогтоогүй байна. Гэхдээ 18 дугаар зууны үеийн Монголын түүхийг бүхэлд гаргая гэсэн бодол байна. Бодож төлөвлөсөн олон чиглэл ажил бий. Ямартаа ч шинэ юм л гаргахыг хичээнэ дээ.

Миний номнуудын 40-50 хувь нь манай Үндэсний төв номын санд нэлээд ховорт орно эсвэл огт байхгүй 

-Номын сан тань үнэхээр арвин баялаг юм. Хоёр өрөөний ханыг дүүртэл өрсөн номыг Та ямар хугацаанд цуглуулсан хэрэг вэ?

-Оюутан болж хотод ирсэн 1996 оноос хойш л ном цуглуулсан. Монголын түүхийн холбогдолтой хуучны ховор, сонин ном материалыг мэргэжлийн ажлаа хийх гэж л цуглуулдаг. Гадаадад явахдаа хамгийн түрүүнд номын дэлгүүр, номын сан, музейгээр нь ордог. Тэндээс Ази, Дорно дахины болон Монголын холбогдолтой сурвалж материал байна уу гэж  хардаг. Би Унгар, Польш, Англи, Япон, Орос, Хятадын номын сангуудыг бараг гүйцээсэн дээ. Ер нь ямар ч номын санд нэг л давуу тал байдаг. Түүнийг л олж, харьцуулалт хийхийг хичээдэг.

-Номын сангийн үнэ цэнэ юундаа байдаг вэ?

-Номын олонд биш, номын чанартаа байдаг. Англиас Япон хүртэлх монголч эрдэмтдийн номын санг бараг л үзсэн шүү. Миний номын сан дахь номын 40-50 хувь нь манай Үндэсний төв номын санд нэлээд ховорт орно эсвэл огт байхгүй.  Хэрэг болдоггүй ном гэж байдаггүй юм. Хэзээ ямар үед вэ гэдгийг л бодож хадгалах ёстой. Миний хувьд номын хавтас харж авдаггүй. Бүх номоо уншаад хэрэгтэй бол авна. Номнуудаа үргэлж эргүүлж байдаг учир энд байгаа номнуудаас нэг л ном сугалсан байхад шууд мэдэх жишээтэй. Номыг цуглуулах, ашиглахаас гадна хадгалах, хамгаалах гэж чухал ажил байна.

Чийг алдуулахгүйн тулд нар тусгахгүй, нар жаргасан хойно л цонхны хөшиг нээж болно. Ер нь битүү л байвал зүгээр. Ном тоосжилт ихтэй учир цэвэрлэж, чийгшил өгч байх хэрэгтэй. Номнуудын араар цагаан хорхой, эрвээхэйнээс хамгаалах бодисууд хийнэ. Гаднаас авчирсан хуучин номыг номыг санд шууд хийж болохгүй. Өвөл бол гадаа 10-аад хоног байлгаж, хорхой шавьж байсан бол устсан хойно оруулдаг. Цэвэрлэх, хадгалах горим журмыг нарийн сайн мэдэхгүй ч ахуйн түвшиндээ хамгаалж байна. Ус их хэрэгтэй нь мэдэгддэг юм. Нэг жижиг түмпэн ус тавихад 4-5 хоногт л ууршсан байдаг.

-1600-1800-гаад онд гарсан эртний номнуудаа хаанаас авсан бэ?

-Хаа явсан газраа ховор ном хайж явдаг. 1839 оны “Түвд хэл хэрхэн заах тухай” өгүүлсэн ном байна. 1671 онд хэвлэгдсэн “Татарууд Хятадыг байлдан дагуулсан түүх”.  Энэ номыг 6-7 жилийн өмнө Японоос нэлээд үнэтэй авч, Японд сэргээн засварлуулахад бас нэлээд мөнгө зарцуулсан. Хуучин ном сэргээн засварлахдаа Япон хамгийн сайн, үнэтэй ч хийнэ.

-Та тийм их мөнгөтэй хүн үү?

-Мэдээж ажил хийж, амьдралаа аваад явахаар зорьж байна. Харин номонд бол байгаагаа зарцуулна. Сайн ном үнэтэй байдаг. Гадаадын их сургуулиудад урилгаар лекц уншаад, олсон мөнгөөрөө ном авдаг. Гадна явахдаа бараг л байгаль, элдэв зүйлийн сонин чамин юм үздэггүй. Номын сан, музей, архивуудад л миний ихэнх цаг өнгөрдөг дөөИнгэж ярихад гаднынхан маш их гайхдаг.

-Байгальд аялдаггүй монгол хүн байдаг гэж үү?

-Саяхан Бээжингийн Ардын их сургуульд тэргүүлэх зэргийн зочин профессороор ажиллаж, лекц уншлаа. Тэгсэн атлаа Цагаан хэрэм ч үзээгүй. Өвөрмонголд жилдээ хэд очдог ч Далан хар ууланд очиж үзээгүй. Цаг бага учир очих газрынхаа номын сан, архивыг өмнө нь нэлээд сайн судалдаг. 

 

Манай судлаачид ном үзэх гэж Төв ном сан руу явахаа больсон

-Хаана, хэнд ховор сонин ном байгааг Та яаж мэддэг вэ? 
-Гадны хуучин номын худалдаачид, номын дэлгүүрийнхэн, музей, номын сан, архивынхан намайг бараг л танина даа. Англи, хятад, орос хэл дээр гарсан бүх номын худалдааны нэгдсэн сайтууд байдаг юм. Тэнд хэрэгтэй ном, материалууд зөндөө гарна шүү. Долоо хоногтоо нэг удаа шөнө сууж, тэр вэб сайтуудад Монголын тухай юу байна гэж шалгадаг. Мөн шинээр гарсан мэдээлэл, номноос бид хоцорч болохгүй. Хэдийнэ гарсан номыг хөөх, ийм ном гараа юу” гэж ярих нь эрдэмтэн хүний амнаас гарах үг биш гэж боддог.

-Таны номнуудыг мөнгөөр үнэлбэл хэр үнэ хүрэх бол?
-/Инээв/ Үнэлэх боломжгүй л дээ. Хэрэгтэй хүндээ үнэтэй, хэрэггүй хүндээ хог мэт харагдах бие. 2004 онд Орост сургуулиа төгсөөд 10 гаруй алимны хайрцаг номтой ирсэн. Японд зочин профессороор жил ажиллахдаа нэг тонн шахуу ном чирч ирсэн. Японы хуучин номын худалдаачидтай ойр байж нэлээд сонин номнууд олсон шүү. Шог зураач С.Цогтбаяр ах, “Гамма” агентлагийн С.Цацрал ах бид гурав “Арт аялал” гэж нэгэн аяллын клуб нээсэн. Монголын соёлын холбогдолтой ном, эх материал олох, цуглуулахаар нэлээд газруудад ажилласан.

-Хөрөнгөтэй хүн гэж Та хэнийг хэлэх вэ? 
-Зөв эзэмшигдсэн өрөөлийн эрх ашгийг зөрчөөгүй өмчийг л хөрөнгө гэж хэлнэ. Буруу гараар олсон хөрөнгө бусдын эрх ашгийг хөндсөн байдаг. Тийм хөрөнгө хөрөнгө биш хулгай. Ном бол нэг талаасаа судалгааны багаж боловч нөгөө талаараа өв юм. Ойлгохгүй хүнд бол хог. Ойлгодог хүндээ сэтгэлийн цэнгэл. Оюуны түшиг.

-Номын сангаа Та үр хүүхдэдээ өвлүүлэх үү?
-Монгол Улсын түүхийн ховор, сонин ном, зохиолуудыг үнэндээ улс авч чадахгүй байна. Би хэзээ нэгэн цагт тэтгэвэрт гарна. Тэр цагт энэ цуглуулгыг улсын номын санд, эсвэл нэгэн сайн судалгааны газарт л өгнө шүү дээ. Энэ чинь миний юм биш. Гэхдээ Монголд үлдэх үү, гадна үлдэх үү гэдэг нь өөр асуудал. 2010 оноос хойш Түүх, археологийн хүрээлэнд ажиллахдаа 14 мянган ном, найман том эрдэмтний хувийн номын санг үнэ төлбөргүй олж хүрээлэнгийн номын сангаа баяжуулсан.   70 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх ном л доо.

Японы алдарт монголч эрдэмтэн Ёшида Жүничи, академич , алдарт түүхч Б.Ширэндэв, Д.Дорж, Д.Гонгор, Г.Цэрэнханд, Э.Равдан, Б.Дашзэвэг, С.Батамхатан нарын номын цуглуулга манайд цугларсан. Дашрамд энэхүү гайхамшигт өвийг бидэнд өгсөн эрдэмтэд, тэдний үр хүүхдүүдэд маш их талархаж байгаагаа хэлье. Ингэж Монгол Улсад түүхийн судалгааны чиглэлийн хамгийн том Номын санг байгууллаа. Одоо манай судлаачид эх сурвалж, гар бичмэл үзэхээс өөрөөр ном үзэх гэж Төв номын сан руу явахаа больсон. Төрөөс хүрээлэнгийн ном авах зардал гэж бүтэн жилдээ 200 мянган төгрөг л өгдөг. Тэр нь нэг сайн ном авахад ч хүрэхгүй

-ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн төрийн бодлого боловсруулахад шаардлагатай судалгаагаар хангаж ажиллаж чадаж байна уу?
-Бид Монголын түүхийн бүхий л үеийн тулгуур академик түвшний суурь судалгааг хийнэ. Монголын түүхийн ямар нэг асуудал гарахад тэр судалгааны үндсэн бааз суурь манайд байх ёстой. Монголын түүхийг судлах үндсэн мэдээллийн төв  байх ёстой гэж боддог. Жишээ нь, Хубилай хааны ойг тэмдэглэх боллоо гэхэд Хубилайн тухайн хамгийн гол мэдээлэл манайд байх ёстой. Судлаач нь бэлтгэгдсэн, сурвалжаа мэддэг байх ёстой. Судалгааны бүтээл хэвлүүлсэн байх ёстой. Тэр үүргээ Түүх, археологийн хүрээлэнгийнхэн маш сайн биелүүлж байгаа гэж үздэг. Төв болон дотоод Азийн улсууд дотор манай хүрээлэн шиг идэвхтэй ажилладаг, нээлттэй, өөрийн бодлого нь тодорхой хүрээлэнтэй улс байхгүй.

Үүнийг бардам хэлнэ. Манайд 16 улсын хамтын судалгааны 38 экспедиц ажиллаж байна. Тэр экспедицийнхэн тухайн улсынхаа судалгааны хамгийн том, гол байгууллагатай хамтарч ажилладаг. Жишээлбэл, БНСУ-ын Үндэсний музей улсдаа хамгийн том, нэр хүндтэй байгууллага. Германы археологийн хүрээлэн, Боннын Их сургууль, Оросын Эдийн соёлын хүрээлэн, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн гээд олныг дурдаж болно. Тийм түвшинд манай судлаачид ажиллаж байна. Эцсийн дүндээ түүхийн шинжлэх ухаан нийгмийг соён гэгээрүүлэх, хүмүүсийг эх түүх, соёл ухамсраар нь бахархуулах, зөв мэдээлэл өгөх, судалгааны зөв үндэслэлийг гаргах, олон улсын стандартад нийцсэн судалгаа явуулдаг байгууллага.

Амбийц нь шинжлэх ухааны түвшнээрээ бүс нутагтаа гол байгууллагын нэг нь байя. Азитайгаа ижил түвшинд, дараа нь Европ, Америкийн түвшинд ойрхон очъё гэж холыг харж тодорхой төлөвлөгөө, системтэйгээр ажиллаж байна. Боловсон хүчнээ бэлтгэх, ном материаллаг баазаар хангах, гадаадад нэр хүндээ дээшлүүлэх, тодорхой бодлоготой малтлага судалгааны үйл ажиллагаа явуулахын төлөө л ажиллаж байна. Манай хүрээлэнд нийт 40 гаруй археологич, 30 гаруй түүхч ажилладаг. Монгол шиг баялаг түүхтэй улсад судлаачдын тоо хангалттай биш л дээ.

-Та гадаадын судалгааны ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна вэ?
-Дээр дурдсан газруудтай хамтарч ажилладаг. Яг одоо бол БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуульд өндөр зэрэглэлийн зочин профессороор уригдан ажиллаж байгаа. Энэ сургууль гадаадын эрдэмтдийг сонгон шалгаруулж авч лекц уншуулах, судалгаа хийх боломж олгодог. Мөн Польш, Герман, Англи, Норвеги, ОХУ, Япон зэрэг оронтой тодорхой сэдвээр хамтран ажиллаж байна.  Гадаад хамтын ажиллагаа эрдэмтдийн ойлголцол итгэлцэл дээр л бий болдог.

Тэр итгэлийг олж байж л гадаад харилцаагаа хөгжүүлнэ, Монгол судлалыг ойлгуулна. Монгол хүний давуу байдлыг харуулах ёстой. Түүнээс бид ашиг хардаггүй. Илүү ашиг хараад эхлэхэд л үндсэн ажлын утга алдагддаг учир хувийн асуудлаа үргэлж хойш нь тавьж байх хэрэгтэй. Тэгвэл ажил аяндаа гүйнэ. Манайхан хувийн асуудлаа нэгдүгээрт тавиад үндсэн ажлаа хойноос нь гүйлгэх гэдэг. Үндсэн ажлаа сайн хийдэг байхад тодорхой түвшинд нэр хүндтэй болж, хишиг буянаа хайрлана.

Түүхч хүн үндэсний үзэлтэй байх шаардлагагүй гэсэн үзэл ч байдаг

 

-Судлаачид түүхийн янз бүрийн эх сурвалжуудыг олж, бүтээл болгоод гаргаж байна. Түүнийг нь сонирхох уншигчид манайд байна уу?

-Хангалттай уншдаг. Жишээ нь, Тувагийн архивт байгаа Монголын талаарх материалаар гаргасан Тувагийн дөрвөн ботийг 300 хувь хэвлүүлсэн. Жилийн дараа дууссан байсан.  “Археологийн соёлын өв” гэж долоон боть ном гаргаад, 300 хувь хэвлүүлсэн. Жил болоогүй байхад дуусчихлаа шүү дээ. Түүхийн академик судалгааг заавал нийтэд уншуулах албагүй. Академик судалгаа бол академик түвшиндээ л уншигддаг.

Академик судалгааны газар нь нийтлэлүүд бичээд эхэлбэл суурь судалгаа гэдэг зүйл хаачих вэ? Бидний судалсан түүхийн материал, зохиолуудыг тодорхой бүлэг, хүрээнийхэн уншаад, тэр хүмүүс нь нийгмээ соён гэгээрүүлдэг.  Би олон нийтэд зориулсан судалгаа явуулах сонирхолгүй. Тулгуур эх сурвалжтай танилцаж, онол арга зүйн өндөр түвшинд бичигдсэн бүтээлүүдийг гаргадаг байх хэрэгтэй гэж үздэг. Тэндээс хараад зохиолчид нь олон түмэнд зориулсан бүтээлээ бичнэ биз.

-Сүүлийн үед хэд хэдэн түүхэн роман гарлаа. Та сонирхож уншсан биз дээ? 
 

-Мэдэхгүй. За даа, уран зохиолын ном уншаагүй 30 орчим жил болж байна. Миний номын санд уран зохиолын ном нэг ч байхгүй. Надад унших ном хангалттай байхад тэрийг уншиж яах юм. Уран зохиол гэдэг гайхамшигт зүйлийг үгүйсгэж байгаа юм биш. Чингүнжавын талаар судалгаа хийж, Чингүнжавын бичсэн захиаг уншиж байж “Манан будан”-г унших хэрэггүй биз дээ. Бид академик түвшинд ажилладаг. Ямар ном гарч байгааг ерөнхийд нь хардаг. Түүхийн судалгааны материалд түшиглэн, түүхэн баримтуудыг шигтгэсэн зохиол бүтээл сонирхолтой болно. Түүнээс утга уянгын халилтай зохиол уншдаггүй. Үнэндээ түүх бол маш хатуу шинжлэх ухаан. Түүхч хүн үндэсний үзэлтэн байх шаардлагагүй гэсэн үзэл ч байдаг. Өөрөөр хэлбэл үзэл суртлаас хол бай гэсэн утгатай. 

-Яагаад тэр вэ. Түүхч гэж ер нь хэн юм бэ?

-Онолын хувьд историзм буюу түүхэн зүйн зарчим гэж байдаг. Өөрийгөө даван туулах буюу өөрийнхөө үеэс салгаж түүхийг харах гэсэн ойлголт. Бид судалгаа хийж байгаа бол ямар нэгэн үзэл бодол, изм-д хөтлөгдөх ёсгүй. Түүхч хүн өөрийгөө үзэл суртал, улс төрөөс чөлөөлж байж бидний бүтээлийг хүмүүс унших, бахархах, үнэн зөвийг мэдэх хандлага тогтоно. Түүхчид өөрсдөө үндэсний үзэлтэн, эх оронч дүрд тоглодог болчихдог нь буруу хандлага юм. Хоёрдугаарт, нутаг жалгын үзлээс хол байх хэрэгтэй. Халхын түүх, Ойрадын түүх л гэнэ. Энэ чинь Монголын түүх байхгүй юү. Монгол, буриад, ойрад, халх чинь 300 жилийн өмнө нэг л монголчууд байсан, 800 жилийн өмнө ч монголчууд л байсан.

Яс үндэс бол өөрсдийгөө нэрлэсэн угсаатны тодорхой нэрийтгэлүүд юм. Тодорхой цаг үед тодорхой хүмүүсийн бүлэг бий болж, өөрийгөө нэрлэсэн хэрэг. Түүнийг дагаад ухамсрын тодорхой хэмжээсүүд бий болсон.  Энэ л зарчмаа барьж ажиллахыг хичээдэг. Эх сурвалжид суурилан түүхэн зүйн онол арга зүй, өөрийн арга барилыг ашиглаж, түүхийн үйл явцад бодит дүгнэлт гаргалгаа хийх нь л чухал.  Ингэж байж түүхч хэмээх энэ мэргэжлийн утга учир гарна. Жишээлбэл, миний судалгаанд, 17 дугаар зууны үеийн Орос Монголын харилцааг өмнө нь зөвхөн Оросын өнцгөөр хардаг байсан.

Гэтэл монголчуудын хувьд ямар байв гэдэг нь сонин. Монголчууд газар нутгаа зүгээр найр тавиад өгчихсөн юм уу, тухайн үеийнх нь нөхцөл байдлыг эх сурвалжаас олж харах нь миний ажил. Түүнээс оросууд манайхыг шахсан, манай газар нутгийг авсан гэх мэтээр хоосон ярих нь утгагүй. Үнэхээр Красноярскийн хязгаарт Монгол хүн байсан уу, үгүй юү? Уугуул түнгүсүүд нь хэний харьяат байсан юм, алба татварын тогтолцоо, Оросын монгол болон дорно дахины талаар явуулах бодлого үйл ажиллагаа ямар байсан юм гэдгийг судалж байж л тодорхой дүгнэлт гарна. Тэр нь бүгд баримт дээр тулгуурласан, түүхийн онол арга зүйгээр судалсан байх ёстой. 

-Тэгвэл Та судлаад ямар дүгнэлтэд хүрэв?

-Миний судалгаанаас үзэхэд 17 зууны Монголын ертөнцийг бүхэлд нь нэгэн цогц гэж авч үзэх, өрнө болон дорно дахины түүх бичлэгт одоог хүртэл алдаа эндэгдэлтэй явж ирсэн ойлголтуудыг засаж залруулах, түүхийн судалгаанд ороогүй эх сурвалжуудыг эргэлтэд оруулах, Чин улс, Оросын харилцаан дахь Монголын асуудлыг нарийвчлан судлах, тухайн үеийн өрнө, дорнын харилцаанд монголчууд ямар байр суурьтай байсныг тодруулсан. Жишээлбэл, Монгол хэл энэ үеийн дипломат хэлний үүрэг гүйцэтгэж байсан, энэ үед гаргасан элч нарын замын чиглэл өнөөгийн Хятад-Оросын харилцааны гол чиглэлийн үндэс болсон, Орос-Хятадын Монголын талаарх бодлого үйл ажиллагааны үндэс энэ үед хэрхэн буй болж төгөлдөржсөн, яагаад Чин улсын үеийн Оросын харилцааг Орос-Хятадын хэмээх ойлголт буй болсон зэрэгт хариу өгсөн.

-Та түүхэн ховор гэрэл зургийн хэд хэдэн цомог гаргасан. Түүхэн гэрэл зураг цуглуулах нь Таны хообий юу?

-Хообий биш л дээ. Түүхийг судлах янз бүрийн эх сурвалж байна. Түүний нэг нь хуучин гэрэл зураг юм гэдгийг л тодорхой хэмжээгээр ойлгуулах гэсэн юм. Мөн  олон улсын архив, номын сан, хувь хүмүүсийн цуглуулгад судалгааны эргэлтэд ороогүй маш их хэмжээний гэрэл зураг бичлэг байна. Үүнийг системтэй судалж, бодит ажил болгох нь зүйтэй юм уу гэж л хийж байгаа юм. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас тодорхой төсөл хэрэгжүүлж байгаа. Эхний үр дүн удахгүй гарна. Мөн Японы эрдэмтэдтэй хамтран хуучин гэрэл зургийн нэгдсэн мэдээлэлийн сан байгуулах ажил эхэлсэн. Дэлхийн олон орны эрдэмтдийн хүчийг ашиглан хийх юм. 1870-1930-аад оны гэрэл зургуудыг оруулсны дараа олон нийтэд нээлттэй болно.

Миний хувьд Монгол Улсын анхны Ерөнхий сайд асан Сайн ноён хан Намнансүрэнгийн Оросын эзэнт улсад хийсэн айлчлалын үеийн ховор зургууд, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан гэрэл зургийн цомог, Оросын Их Петрийн нэрэмжит Кунсткамерийн сан хөмрөг дэх цуглуулгаас зэрэг хэд хэдэн каталоги хэвлүүлсэн. Ер нь 2018 оны эцэс гэхэд “Монгол орон ба Монголчууд” нэртэй гэрэл зургийн цомог нийт 10 боть хэвлэгдэнэ. Энэ ботид өмнө нь хэвлэгдэж байгаагүй 3000 гаруй гэрэл зураг багтана. Одоо шинээр 1925 онд Монголд ажиллаж малтлага судалгаа хийсэн Г.И.Боровко хэмээх Оросын Эрмитажийн ажилтны цуглуулгаар нэг боть гаргахаар бэлтгэж байгаа.

Гэрэл зураг хэмээх хөдөлшгүй баримтаар судлах тусгай судалгааны чиглэлийг бий болгох гэж оролдоод байгаа юм. Тэр гэрэл зургуудад судалгаа хийх боломжтой. Хүмүүст судалгааны эх материалуудыг л бэлдэж өгч байгаа юм. Энэ мэтээр ховор зургуудыг хайж олоод, мөнгийг нь төлөөд цаг зав зардал болгон ном гаргахад манайхан хулгай хийгээд, номынх нь нэрийг ч тавихгүй ашигладаг. Яаж хичээсэн, үйлээ үзсэн хөдөлмөрийг минь жаахан ч гэсэн ойлгож иш татах хэрэгтэй шүү дээ. Өөрсдөө тэдгээр газруудад очоод ядаж ганц зураг авах гээд оролдоод үзэх хэрэгтэй.

-Та Манж Чин улсын үеийн түүхийг судалдаг. Монгол Манжид 200 жил дарлуулсан гэдэг нь түүхэн зүйн талаас хэр үндэслэлтэй вэ?

-Түүхч хүн түүхийг л бичнэ. Түүхийн судалгаа өнөө цагийнх биш учир байж болох хамгийн боломжтой хувилбарыг гаргаж тавина, бодитой гаргалгаа хийнэ. Гэхдээ миний хувьд Манжийг, Оросыг муулахгүй. Үнэндээ Манжийг үзэн ядах сэтгэлгээг социализмын үед бий болгосон. Манж Монголыг 200 жил удирдахад Улиастай, Ховд, Хүрээнд л хэдэн жанжны газрын манж хүмүүс байсан биз дээ. Хошуу ноёд нь бүгд монгол хүн байсан шүү дээ. Харин манжууд хятадуудыг нэвтрүүлэхгүй гэж хууль гаргаж, Оросуудыг оруулахгүй гэж Монголыг өөрийнх нь газар нутгаар хааж бидэнд бүрэн бүтэн үлдээсэн. Гэтэл яагаад Манжийг үзэн ядах ёстой вэ. Үүнийг яаж харах ёстой гэж Та бодож байна? Бид Манжид дарлуулсандаа хорсдог хэр нь 13 дугаар зуунд Их Монгол Улс бусад улс орныг дарлаж явснаараа бахархдаг. 

Тэр үеийн байлдан дагуулалд өртөж байсан улс орны иргэдийн нүдээр нэг харж үзэх хэрэгтэй. Тэнд ч жирийн иргэд, хүүхэд хөгшид байсныг мартаж болохгүй. Монголчууд түүхэндээ сайн, муу зүйл хийсэн л байх. Гэхдээ ийм үзэл сурталч юмуу, тодорхой хүний сэтгэлийн хөөрөлд автсан түүх бичлэг бий болсон учир гаднынхан монголчуудын бүтээлийг уншихгүй, итгэхгүй байх хандлага ажиглагддаг. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг баримталсан, үзэл сурталжсан, эсвэл хэт үндэсний түүх бичлэг буй болгоод байгаа юм. Орос болон Манж Чингийн Монголын талаарх бодлого, үйл ажиллагааг бодитойгоор харахгүй бол үнэн зүйл буй болохгүй.

Түүхийн шүүлтүүр дээр хэн болж үлдэх нь одоо жаргалтай байгаагаас илүү зовлон 


-Хүн бүхний шүүмжилдэг өнөөгийн ороо бусгаа үе хэзээ нэгэн цагт түүх болж бичигдэх үү. Энэ түүхийг хэн бичих бол?

-Бичигдэнэ шүү дээ, түүхчид л  бичнэ. Хамгийн том шүүлтүүр бол цаг хугацаа. Цаг хугацааны шүүлтүүр бол түүхийн шүүлтүүр. Түүхийн шүүлтүүр дээр хэн болж үлдэх нь одоо жаргалтай байгаагаас илүү зовлон. Одоо буруу замаар эрх мэдэл, мөнгө төгрөг олоод, боломжтой сайхан амьдарч байна гэж бодвол эндүүрэл. Таны 4-5 үе магадгүй 20 үе чинь түүхийн хар дансанд орно. Монголын түүхэнд нэг л өгүүлбэрээр тэмдэглэгдэн үлдэхэд дуусна. Тиймээс албан тушаалтнууд гарын үсэг зурсан албан бичгийнхээ үг үсгийг хүртэл түүхийн өмнө шүүлгэнэ гэж бодож харах ёстой. Бүх зүйл түүхийн шүүлтүүрээр ордог. Үүнийг бидний үеийнхэн биш юм гэхэд хэдэн үеийн дараах түүхчид бүгдийг шүүнэ.

-Тушаал шийдвэр гаргаж, гарын үсэг зурдаг хүн бүхэн мэдэж баймаар анхааруулга байна даа?

-Мөнхийн амьдрал хаана ч байхгүй. Бурхан байсан ч үхдэгийг бид мэднэ. Цаг хугацаа өнгөрөх тусам түүхийн шүүлтүүр улам идэвхтэй ажиллана. Тэрийг шийдвэр гаргах түвшинд ажилладаг хүмүүс бүгд мэдэж байх ёстой. 1915 оны Хиагтын гэрээнээс Сү Шү Жан орж ирсэн дөрвөн жилийн тэр үетэй өнөөгийн Монголын нийгэм төстэй байна шүү.  Тэр үед улс нэгэнт автономит болж Хятадын мэдэлд орсон үед Монгол ноёдууд “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн аминч үзэл хэр хэмжээнээс хэтэрч, дур зоргоороо авирлах нь тэсэхүйяа бэрх болж байсан түүхтэй.  Тийм учраас л Ардын хувьсгалаар ард түмэн боссон шүү дээ. Ард түмэн нүдтэй, чихтэй. Хэзээ нэгэн цагт хамгийн мэргэн шүүгч гэдэг нь мэдэгдэнэ.

-Тэр үеийн Монголын нийгэм өнөөгийн Монголтой яг адилхан гэж үү?

-Өнөөдөр ямар байгааг хүн бүр л өөрийнхөөрөө дүгнэнэ. ХХ зууны эхэн үед Монголд ирсэн олон жуулчдын тэмдэглэлээс үзвэл хог дээр, хүүрийн газарт  амьдарч байгаа монголчуудтай бараг л таараагүй байдаг. Одоо Улаанбаатарт ирсэн хүн тийм хүмүүс үзье гэвэл хэдэн арваар нь харж болно. Хогийн цэг дээр бүхэл бүтэн нийгэм бүрэлдээд байна шүү дээ. Монголын 2000 жилийн түүхэнд ийм зүйл байгаагүй. Үнэндээ дэлхийг захирч явсан Чингис хааны удам өнөөдөр хог ухаж, хоног төөрүүлж байгаа нь гутамшиг биз дээ. Улс төрийн хүрээнд ч үргэлж хэмлэлдэж байна. Яг одоогийн хоорондоо хэмлэлдэж байгаа үе бол 15 дугаар зууны бага хаадын болон 18 дугаар зууны эхэн үеийн Ойрадын дотоод асуудалтай адилхан байна гэж хардаг. Тэр үед мөн ч олон Исмэл тайшууд төрж, Монголын төрийг мөхөлд хурдлуулсан.

-Түүхийн цаг хугацааны давтамж байдаг гэж Та хэлээд байна уу?

-Давтамжгүй үе гэж түүхэнд байхгүй. Хэлбэрийн хувьд өөр хэдий ч агуулгын хувьд бараг ижил байдаг. Жишээлбэл, өнөөдөр Оюутолгой, Таван толгойн гэрээ гээд хүн бүр ярьж байна. Тэгвэл 1912-1913 оны үед Монголын байгалийн баялгийг хэрхэн ашиглах, гаднынханд хэдэн хувь өгөх, ямар гэрээ байгуулах гээд мөн л томоохон маргаан өрнөсөн. Франц, Герман, Орос зэрэг томоохон орнуудын хувь нийлүүлсэн синдикатуудтай манай Засгийн газар их л тэмцсэн. Монголорын хувь зургаа байсныг 13 хувь болгохын төлөө тэмцсэн Да лам Цэрэнчимэд зэрэг эх орноо бодсон хүмүүс бараг бүгд учир битүүлгээр амиа алдсан шүү дээ.  Тиймээс улс төр, эдийн засгийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ түүхийн туршлагыг заавал анхаарах, түүхийн байдлыг судлуулах, түүхчдээс асууж анхаарч байх хэрэгтэй гэсэн үг юм. Тэгж чадвал ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргана. Түүхчид түүхийн хувьд өнгөрсөн бүхий л үеийн алдаа, оноог харж байдгийн хувьд өнөөгийн байдал, ирээдүйнхээ төлөө хамгийн бодит дүгнэлт гаргалгааг хийж чаддаг.

-Ингэчихээсэй гэж боддог зүйлээ зохих хүмүүст нь хэлчихэж болно биз дээ?

-Бид судалгаагаа тодорхой түвшинд хийж л байна. Мэдээж өөрсдийн санал дүгнэлтээ дээш мэдүүлэх явдал байна. Гэхдээ ойлгох, эсэх нь эргэлзээтэй. Түүхийн сурвалжид самуун цаг үе, нэгэнт самуурсан цаг үе гэж нэр томъёо байна.

-Тэгвэл бид ямар төрийн дор амьдраад байна вэ?

-Түүхийн сурвалжид “самуун цаг үе” гэж байдаг. Манжийн үед ч ийм нэр томьёо байсан. Оросууд 17 зууны эхэн үеэ “Смутные времена” гэж хэлдэг биз дээ. Монголын ч, Оросын ч энэ үе миний судалдаг үе. Баримт эх сурвалжуудыг үзсэн учир бага зэрэг гадарлана. Гуравхан сая хүнийг яагаад ийм ядуу, бусад улсын өмнө итгэл зүтгэлгүй болгоод хаячихсан юм бэ. Энэ чинь Бээжин, Москвагийн метрогоор өдөртөө зорчдог хүний л тоо шүү дээ. Гурван сая хүнийхээ 1.5 саяыг нь л тэжээдэг, хүүхэд, хөгшдөө аваад явчихна. Монгол Улс дэлхийн улсуудын дотроос хамгийн тэргүүлэх үүргийг хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн улсуудын нэг.

ХХ зууны хоёр  зууныг эзэмшиж, байгуулсан хаантайгаа мөхдөг эзэнт гүрнүүдээс илүү угсаа залгамжлан захирч байсан эзэнт гүрэн. Хүн төрөлхтөнд энх амгаланг тогтоож, хамгийн том газар нутгийг эрхшээн захирч байсан түүхтэй. ХХ зууны дэлхийн хамгийн том хоёр улсын дундаас төр улсаа сэргээн байгуулж чадсан гайхамшиг зөвхөн бидний түүхэнд л бий. Тийм нөхцөл байдал, боломжгүй зүйл, хүнд харилцаанаас улсаа босгож чадсан бид ийм цаг үед улсаа хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдруулах боломж бол энгийн зүйл мэт санагдана. Гагцхүү монголчуудын эв нэгдэл, ард түмний оюун санааны нэгэн ижилсэл, төрийн ёс, гэрийн ёс, эрийн ёсыг эрхэмлэн улс гэрээ өөд татах л үлдээд байгаа. Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай “Монголын төрөөс идэж байгаа хүмүүс цадсан үед л Монгол хөгжинэ” гэж хэлсэн байна лээ.

“ЦАДАХ БОЛОВ УУ?  Та юу гэж бодож байна” гэж асуухад тэр хариулсангүй.

Сүүлд засварласанПүрэв, 24 8-р сар 2017 12:24

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ