Menu

Монгол судлал Беркелейн их сургуульд

Монгол судлал Беркелейн их сургуульд

Сан-Франциско хотын дэргэдэх Беркелейд байрлах Америктаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй -д тооцогдох Калифорнийн Их Сургууль нь "улсын санхүүжилттэй сургууль" гэдгээрээ онцлогтой. Энэ сургууль нь  1868 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 37581 оюутан сургадгаас бакалаврын зэргээр 27126, мастер, докторын зэргээр 10455 оюутан сурдаг. Сургууль төгсөгчид нь 350 орчим мэргэжлийн зэрэг цол хүртдгээс гадна тус сургуулийн судлаачид багш нараас 72 эрдэмтэд "Нобелийн шагнал" хүртсэн байна.  

"US News &  World Report"  сэтгүүлийн 2015 оны судалгаагаар Беркелей дэх Калифорнийн Их Сургууль нь чансаа болон сургалтын чанараараа дэлхийд 3-т эрэмблэгдсэн төдийгүй "улсын санхүүжилттэй" сургуулиудын  шалгуураар 1-т эрэмблэгдсэн байна. Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй энэ сургуульд Монгол хэл зааж байсан түүх нь эдүгээ сэргэн "Монгол" хөтөлбөр болон өргөжиж, цаашдаа "Монгол судлалын төв" болон хөгжих төлөвлөгөө боловсруулж байгаа.

* БЕРКЕЛЕЙН ИХ СУРГУУЛЬД Монгол хэл зааж байсан ТҮҮХИЙН ТАЛААР \Эрдэмтэн судлаач Ширчингийн Баатарын яриа\

... Дилав гэгээн нас барахаасаа өмнө Сөнөдийн хошууны "Зараа хийд"-ийн да лам Намжилдоржийг дуудсан байдаг юм. Да лам Намжилдорж нь Дилав гэгээнтэнтэй ихэд дотно байсан төдийгүй Төвдөөр дамжин Энэтхэгт ирж хэвлэлийн жижиг үйлдвэр ажиллуулж байсан юм билээ. Дилав гэгээний оршуулга дээр Беркелейн Их Сургуулийн Монгол хэлний багш Жеймс Боссон, да лам Намжилдоржтой уулзаад Беркелейн Их Сургуульд ажиллахыг санал болгожээ. 1966 оноос да лам Намжилдорж энд ажиллаж байхдаа өөрийн шавь Лувсанхайдав гуайг \өдгөө амьд сэрүүн байгаа\ туслуулахаар авчирчээ. Да лам Намжилдорж гуай энд ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын бичсэн "Монголын хураангуй түүх" номыг гараар бичиж сэргээсэн юм шүү дээ. Тэр номыг Беркелейн Их сургуульд хэвлэснээр нь олон орны их дээд сургуулиудад судлаж байгаа. 1969 онд да лам Намжилдоржийг нас барснаас хойш Ж.Боссон гуай энэ бүх ажлыг хариуцаж үлдсэн. Ж.Боссон гуай манж төвд, монгол хятад хэл зэрэг Алтайн язгуурын бүх хэлийг зааж 1996 он хүртэл энэ тэнхимийг авч явсан байдаг юм. Тэр үеэс хойш үндсэндээ оюутангүй болсон гэдэг. 1989 он хүртэл Монголын бүх хэвлэлийг захиалж авч байсан байдаг юм, харамсалтай нь 1989 оноос хойш тасалдсан. 2002 онд намайг энд ирэхэд Ц.Уранчимэг энд аспирантурт суралцахаар ирсэн байсан. Урнаа маань энд суралцаж Ph.D хамгаалснаасаа хойш л Беркелейн Их Сургуульд "Монгол судлалын төв" байгуулахаар хөөцөлдөж, уйгагүй зүтгэсэн дээ.

*БЕРКЕЛЕЙН ИХ СУРГУУЛЬД "МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ"-ИЙГ БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ  ба "МОНГОЛ" ХӨТӨЛБӨР \Эрдэмтэн судлаач, урлаг судлалын ухааны доктор Цүлтэмийн Уранчимэгийн яриа\

Беркелейн Их Сургуульд 1935 онд монгол хэл зааж байснаараа Америктаа анхдагч нь. Герман гаралтай Лессинг \Ferdinand Diedrich Lessing\ гэдэг эрдэмтэн монгол хэл зааж байсан юм билээ. 1950 иад оноос монгол номын цуглуулгатай болсон. Лессингээс хойш монгол судлалыг үндсэндээ Жеймс Боссон \James E. Bosson\ гуай авч явсан байдаг. Тэр үедээ хийсэн хэд хэдэн том бүтээлүүд нь "Монгол хэлний толь бичиг" зохиож, А.Амар гуайн "Монголын хураангүй түүх" номыг хэвлүүлсэн зэрэг нь юм. Түүнээс гадна "Монголын эзэнт гүрний түүх"-ийн хичээл заадаг байсан гэдэг. 1996 онд Жеймс Боссон багшийг тэтгэвэртээ гарахад монгол хэлний сургалт судалгаа үндсэндээ зогссон. Намайг 2002 онд энд сурахаар ирэхэд Монгол сэдэвтэй хичээлүүд бүгд зогсож Монголтой холбоотой юу ч байгаагүй. Тэр үед Калифорнийн Их Сургуульд "Хятад судлал" хүчээ авч "Төвд судлал" албан ёсоор бий болон өргөжиж байлаа. Нэгэнт Монголтой холбоотой шижим тасарсан байсан болохоор би энд оюутан байхаасаа Монголын эрдэмтэд судлаачид, элчин сайдуудыг урьж Монгол руу анхаарал хандуулахыг хичээж байв.

Эхлээд археологич Түмэн гуайг, дараа нь Баяр гуайг урьж авчран лекц уншуулж байсан. Монголын Төрийг төлөөлж, АНУ-д Монгол Улсаас сууж буй элчин сайд Равдангийн Болд гуай энэ сургуульд анхдагч болж 2006 онд ирж байв. Калифорнийн Их Сургуулийн "Зүүн Ази Судлалын Хүрээлэн" -г үүсгэн байгуулсан \Institute of East Asian Studies University of California. Berkeley\ эрдэмтэн улс төр судлаач Роберт Скалапино (1919-2011) 1990-ээд онуудад Монголд очиж, Монголоос улс төр судлаач Сандаг хэмээх эрдэмтэнг урьж авчирсан байдаг юм. Р. Болд гуайн энэ уулзалт Монголын Төрийн зүгээс Калифорнийн Их Сургуультай "Монгол судлал"-ын талаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх "шав"ыг тавьсан юм. Энэ үеэр бас МУИС-ийн захирлаар ажиллаж байсан Ганцог манай сургууль дээр ирж олон салбараар Беркелей-тэй хамтран ажлах уулзалт хийв.

2006 оны Р.Болд гуайн уулзалтын дараа 2007 онд Беркелейн Их Сургуулийн нилээд том бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид  орчин цагийн нөхцөл байдлыг судлахаар Монголд очиж байсан юм.  Р.Болд гуайн дараа элчин сайдаар ажиллаж байсан Х.Бэхбат гуай ч энэ сургуульд дээр ирж хамтын ажиллагааны талаар нилээд санаа тавьж байсан. Түүнээс хойш Сан-Францискод нээгдсэн Консулын Газрын консул Н.Анхбаяр, Д.Баярхүү нар ч энэ асуудал дээр анхаарлаа хандуулж олон удаа уулзалт хийж байлаа. Энэ бүх оролдлогууд нь өнөөдөр Беркелейн Их Сургууль дээр "Монгол судлалын төв"-ийг байгуулах зорилготой "Монгол Хөтөлбөр" (Mongolia Initiative) эхэлсэн суурийг тавьсан юм. Беркелейн Их Сургуулийн судлаачид Монголд багаараа очиж ажиллахдаа "Монгол оронд ардчилал ялсны дараа улстөр, нийгэм, эдийн засгийн хувьд ихэд өөрчлөгдөж дэлхий дахинд нээлттэй болжээ. Ийм учраас Монголыг судлах хэрэгтэй юм" гэсэн шийдвэр гаргасан. Шийдвэр гарсан боловч санхүүжилтийн асуудал нь шийдэгдээгүй. Калифорнийн Их Сургууль нь улсын санхүүжилттэй болохоор санхүүгийн эх үүсвэрийн хувьд хязгаарлалттай байдаг. Тийм болохоор тэд энэ судалгаанд Монголоос санхүүжилт орж ирэхийг хүлээж байсан гэсэн үг.

2008 онд Беркелейн Их Сургууль дээр АНУ-аас Монголд суугаа элчин сайдаар тухайн үед ажиллаж байсан Жонатан Адлтон гуай ирж уулзалт хийж Монголын талаар судалж бичсэн номоо танилцуулсан юм. Мөн Монголын "Нью-Ком" компани Беркелейн Их Сургуулийн бизнесийн чиглэлийн багш нараас урьж Монголд хичээл заалгаж байв. Энэ бүхэн нь Беркелейд Монголыг сонирхох сонирхлыг бий болгож байгаа хэрэг шүү дээ. 2011 оны 6 сард Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж -ийг манай сургуулийн захирлууд хүлээн авч уулзалт зохион байгуулсан. Монголын ардчиллыг 1990-ээд оноос эхлэн судалж ирсэн Беркелейн улс төр судлаач эрдэмтэн доктор Стивэн Фиш зэрэг эрдэмтэд тэр уулзалтанд оролцлоо.

Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж энэ уулзалт дээр  "Монгол судлал"-ыг хөгжүүлэх бодлого, чиглэлийн талаар Ерөнхийлэгчийн зарлиг гарсан байгаа гэдгийг тайлбарлаад, "Монгол судлал"-ыг төрөөс дэмжинэ" гэдгээ хэлсэн. Энэ уулзалт бас их нөлөөлсөн.

2013 оны 3 сард "Монгол" гэсэн нэртэй судалгааны хөтөлбөр боловсрогдож үйл ажиллагааны шатлалаа гаргасан юм. Энэ хөтөлбрөө Консул Н.Анхбаяраар дамжуулан Монголын БСШУЯ руу илгээсэн боловч ямар ч хариу ирээгүй. Тэр хавар 5 сард нь Беркелейн Гадаад Харилцаа хамтын ажиллагааг хариуцсан захирал Давид Жэү бид 2 хамтдаа Монголд очиж БСШУ ны сайдтай уулзах гэж хичээсэн боловч амжилт олоогүй. Дэд сайд Ургамалцэцэг биднийг хүлээж авч "Та нар яг цагаа олж ирлээ. "Монгол судлалыг дэмжих сан" байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байхад та нар маш хэрэгтэй төсөл санал болголоо" хэмээн талархаж байв. УИХ-ын Байнгын Хороо, БСШУЯ, ГХЯ зэрэг олон газруудтай уулзалт хийж өөрсдийн төсөл саналаа танилцуулж байсан. Харамсалтай нь зарим хүмүүс Беркелейн Их Сургуулийн талаар ямар ч ойлголтгүй байв. Дор бүрнээ "дэмжинэ" гэж амлах авч буцаад ирсэн хойно ямар ч хариу ирдэггүй. Тэгээд тэр жилийн 7 сард Давид Жэү захирал, миний бие, Беркелейн Түвд судлал, урлаг судлалын хэд хэдэн ахмад багш нар хамтран Монголд очиж энэ асуудлаар бас хүмүүстэй уулзсан юм. Монголд суугаа АНУ-ын Элчин Сайд хатагтай Пайпэр Кэмбэл бидний уйл ажиллагааг маш их дэмжиж Беркелейн Их Сургуулиас хэрэгжүүлэхээр БСШУЯ -д илгээсэн "Монгол" Хөтөлбөрийг дэмжих Элчин Сайдын хүлээн авалт зохион байгуулж олон хүмүүсийг урьсан боловч БСШУЯ-аас ганц ч хүн ирээгүй тул үндсэндээ бид итгэл алдарч цөхөрч байлаа.

2014 оны 4 сард УИХ-ын гишүүн M.Батчимэг Станфордын Их Сургуульд дээр ажлаар ирсэн байхад нь бид уулзаж энэ төслийн талаар танилцуулсан. М.Батчимэг гишүүн "За би энэ асуудлыг анхааралдаа авлаа" гэж л хэлсэн. 2014 оны 12 сард М.Батчимэг гишүүн энэ асуудлыг "шийдэж", эхний жилийн санхүүжилтийн төсөв батлагдсан талаар надад мэдэгдлээ. Санхүүжилт нь шийдэгдэж эхэлсэн учраас л Беркелей дэх Калифорнийн Их Сургуулийн Монгол судлалын үйл ажиллагаа эхэлж, цаашдаа "Монгол судлалын төв"-тэй болох зорилгоо үргэлжлүүлэх боломжтой болж байгаа хэрэг. Өнөөдөр Беркелейн Их Сургууль дээр "Монгол судлалын Төв" байгуулах зорилготой Монгол хөтөлбөр (Mongolia Initiative) үйл ажиллагаагаа эхлэхэд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн дэмжлэг, туслалцаа маш их үүрэг гүйцэтгэсэнд бид чин сэтгэлээсээ талархаж байна.

АНУ-ын БЕРКЕЛЕЙ ДАХЬ КАЛИФОРНИЙН ИХ СУРГУУЛьД МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР МОНГОЛ ХӨТӨЛБӨР ЭХЭЛСЭН ҮЙЛ ЯВДЛЫГ ТЭМДЭГЛЭСЭН Э\Ш НИЙ ХУРАЛ БОЛОН БУСАД АРГА ХЭМЖЭЭНҮҮД:

9 сарын 26 ны өдөр Беркелейн Их Сургууль дээр "Мэдлэгийн археологи: Монголын эд өлгийн болоод архивийн шинэ олдворууд" сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурлыг "Зүүн Азийн Судалгааны Хүрээлэн", "Монгол Сан", Сан-Франциско  дахь Ерөнхий Консулын Газар  хамтран зохион байгууллаа. Энэ хуралд тавигдсан илтгэлүүд:

"Монгол дахь археологийн шинэ нээлтүүд"

1. "Хүннү үеийн эртний олдворууд"  Д.Эрдэнэбаатар  \Улаанбаатар Их Сургууль\
2. "Орхоны хөндий дэх эртний нүүдэлчин монголчуудын 2 хотын олдворууд"  У.Эрдэнэбат  \ МУИС\
3. "Эртний нүүдэлчин Монголчуудын Торийн үеийн судалгаа"  Б.Наран \Independent Scholar\
4. "Тарвагатай хөндий дахь Монголын хүрлийн үеийн харьцуулсан судалгаа"  Б.Жаргалан  \Yale University\

"Бурханы шашны нээлт дэх сүүлийн үеийн эх сурвалжууд"

1. "Беркелейн Их Сургууль дахь Монгол судлал"  Patricia Berger  \UC Berkeley\
2. "Татаруудын там буюу буддын шашны "нүгэл" -ийн талаарх монголчуудын ойлголт"  Brian Baumann  \UC Berkeley\
3. "Молом тойны судар" дахь монгол гар бичмэл тайлбар"  Vesna Wallace  \UC Santa Barbara\
4. "Гэсэр хааны судалгааны талаарх харьцуулалт" Matthew King  \UC Riverside\
5. "Монголын Буддийн шашны археолог болон Монголын урлаг дахь Зонкхавын зураг дүрслэл" Ц.Уранчимэг  \UC Berkeley\
6. "Оросын хаант улсын Гадаад Хэргийн төв архив дахь 8-р Богд Жавзандамба хутагтын тэмдэглэл" О.Батсайхан  \ШУА\

Энэ бага хуралд Сан Франциско дахь Ерөнхий консул Д.Баярхүү, Монголын ЗГ-ын Монгол Судлалын үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, "Зүүн Ази судлалын хүрээлэн"-гийн захирал  Kevin O Brien, "Монгол Судлалын Төв"-ийг санаачлагч Ц.Уранчимэг нар оролцож, Беркелей дэх Калифорнийн Их Сургуулийн профессор Patricia Berger, Индианагийн Их Сургуулийн Евроази судлалын төвийн багш, профессор Chris Atwood, Беркелей дэх Калифорнийн Их Сургуулийн Төвд судлалын профессор Jacob Dalton  нар хурлыг удирдан явуулав.

Дэлхийд нэртэй сургуульд монгол хэл зааж эхлэн сургалт судалгааны Монгол хөтөлбөр эхэлж байгааг тэмдэглэх зорилгоор Сан Франциско хотноо зохион байгуулагдсан Азийн Долоон Хоногийн хүрээнд Монголын соёл урлагийг сурталчлах 3 төрлийн арга хэмжээг Монгол Сангаас зохион байгууллаа:

-9 сарын 26-ны орой Монголын соёлыг сурталчлах уйл ажиллагаа болж, Монголын үндэсний хоол хүнсийг "Бөмбүүлэй Бэйкэри" ивээн тэтгэж, Бэй Ариагийн монголчууд, Монголыг сонирхон дэмждэг америкчууд оролцов. "Монгол Сан"-гаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Бэй Ариагийн Монголчуудын Холбоо, Оюутан Залуусын Холбоо оролцож, "Гэр" төвийн бүжгийн багш Д.Батзориг, найруулагч Ц.Төмөрчөдөр, уран нугараач Б.Сэрчмаа нар авьяаслаг шавь нараараа бие даасан томоохон тоглолт хийж сонирхууллаа. Энэ санд хуримтлагдсан мөнгөөр Беркелей Их Сургуульд цуглуулсан  монгол номнуудыг каталогижуулах, АНУ-д суралцаж буй Монгол оюутнуудад тэтгэлэг олгох олон үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг зорилготой юм билээ.

-10-р сарын 4 ний өдрийн 12 цагаас Бэй Ариагийн монгол зураач, уран бүтээлчдийн анхны хамтарсан үзэсгэлэн зохион байгуулагдсан юм. Уг үзэсгэлэнд уран хайчилбарч МУСТА С.Төрбурам, зураач С.Тамир, зураач Б.Энхбат нарын уран бүтээлүүд үзэгч олны хүртээл болсон юм.

-10 сарын 6 ны 13 цагаас ахмад уран бүтээлч С.Төгс-Оюун, Италийн Венец хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж байгаа Ж.Мөнхцэцэг, Нью-Йорк дахь Pollock-Krasner сангийн шагналт, Австралийн Asia Pacific Trienalle-д үзэсгэлэнгээ гаргаж байгаа уран бүтээлч Б.Номин зэрэг эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн Калифорнийн Их Сургууль дээр нээгдсэн юм.

* "МОНГОЛ СУДЛАЛ"-ЫН ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДЭМЖЛЭГ

-Г.Галбадрах: Уйгагүй хичээл зүтгэлийн тусаар санхүүжилтийн асуудлаа шийдэж чаджээ. Энэ санхүүжилтийн тусаар хийхээр төлөвлөж байгаа ажлууд тань юу байна?
-Ц.Уранчимэг: Эхний санхүүжилт орж ирж байгаа болохоор бид Беркелейн Их Сургууль дээр "Монгол судлалын Төвийг" байгуулахаар зорьж байна. Энэ төв нь "Зүүн Азийн судлалын хүрээлэн" дээр байрлана. Бид энэ хүрээнд хийх ажлуудаа дэс дараатайгаа төлөвлөж байгаа. 1.Монгол хэлээ зааж эхэлсэн байгаа. 2.Монголч эрдэмтэдийн тусламжтайгаар цуврал лекцүүд эхэлнэ. 3. Зочин профессорын хөтөлбөр. 4. Багш оюутнуудын солилцоон дээр анхаарлаа хандуулна. 5. Хамтарсан болон ганцаарчилсан судалгааны ажлууд хийгдэж эхлэх юм.

-Г.Галбадрах: Индианагийн Их Сургуулийн "Монгол судлал", одоо Беркелейд байгуулагдаж байгаа "Монгол судлал" юугаараа ялгаатай юм бэ?
-Ц,Уранчимэг: Индианагийн Их Сургуулийн "Монгол судлал" бол бие даасан төв биш, Евро Азийн судлал дотроо багтаж явдаг юм. Евро Азийн судлал дотор Унгар, Казакстан, Төвд зэрэг олон орнуудын судлал багтдаг. 1950 -иад оны үед Хангины Гомбожав гуай монгол хэл зааж, монгол судлалын эхлэлийг нь тавьсан. Беркелейн Их Сургуульд болохоор бие даасан "Монгол Судлалын Төв" бий болгохоор зорьж байгаа юм. Энэ төслөө гаргахдаа бид Индианагийн Их Сургуультай зөвлөлдсөн л дөө. Ингэж зөвлөлдөхдөө Индианагийн Их Сургуульд байгаа, Беркелейн Их Сургуульд байгаа "нөөц" өө харьцуулж үзсэн.  Уламжлалаас гадна Беркелейн Их Сургуулийн маш олон салбарт Монголтой хамтарсан судалгаанууд хийгдээд эхэлсэн байсан нь нөлөөлсөн гэх үү дээ. Жишээ нь: улстөр болон хууль, шашин судлал, анагаах ухаан, археологи, астрономи зэрэг салбарт ийм судалгаанууд хийгдэж байгаа. Тийм болохоор ийм судалгаануудыг бид ч анхаарч хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа.

-Г.Галбадрах: Ер нь үүнтэй адил төстэй судалгааны төвүүд хэрхэн санхүүждэг юм бэ? Ямар нэгэн жишиг байна уу?
-Ц.Уранчимэг: Ер нь маш олон судалгааны төвүүд дансандаа 3, 5 сая ам доллар байршуулаад энэ мөнгөний хүүгээр нь бүх үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг жишиг байдаг юм. Үүнийг индаумент (Endowment) гэж нэрлэдэг. Энэ нь Америкийн боловсролыг авч явдаг систем юм. Үүнийг маш олон сургуулиуд хэрэглэдэг.  3.5 сая ам доллар гэдэг тоо нь хий хоосон зүйл биш юмаа. Ийм хэмжээний судалгааны төвүүдийн санхүүжилтэд зарцуулж болох мөнгөний тоонд бодитойгоор тооцож гаргасан мөнгөний дүн юм билээ.

-Г.Галбадрах: Магадгүй монголын Засгийн Газар, эсвэл хэн нэгэн бизнесмен, байгууллага энэ боломжийг ашиглахыг хүсвэл "боломжтой" юм шиг санагдаж байна?
-Ц.Уранчимэг: "Монгол" гэдэг нэртэй 3.5 сая ам доллар Калифорнид байршуулсан байхад "Монгол Судлалын Төв" маань энэ мөнгөний хүүгээр нь цаашид биеэ даагаад үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэсэн үг юм. Суурь мөнгө нь инфляцаа дагаад өсдөг төдийгүй хүү нь ч бас дагалдаад өснө. Монголын Засгийн Газар эсвэл өөр сурвалжаас хөрөнгө оруулалт хийвэл энэ нь огт алдах зүйлгүй боломж юм. Нөгөө талаасаа энэ бол Монголын хөгжилд оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно. Хэрвээ хувь хүн, бизнесмен энэ санхүүжилтийг хийвэл тэр хүний "нэрэмжит сан" болж түүхэнд үлдэх боломж ч бий. Энэ сан бидний үе бүү хэл бидний дараагийн хэдэн үед ч ач тусаа өгсөөр байх юм.

*"МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ" БАЙГУУЛАГДСАН ТАЛААРХ МИНИЙ БОДОЛ

Калифорнийн Их Сургуулийн Беркелейн Салбар Сургуульд багш, эрдэмтэн судлаачаар ажиллаж байгаа Цүлтэмийн Уранчимэгтэй 2011 онд уулзаж "Монголын урлагийн түүх дэлхийн тавцанд" нэртэй ярилцлага хийснээ 2012 онд хэвлүүлсэн "Монголчууд Америкт" номдоо оруулсан юм. Түүнээс хойш Ц.Уранчимэгийн хичээж зүтгэж, хөөцөлдөж байгаа асуудлын талаар сонсож мэдэж байлаа. Өнгөрсөн сард олон жилийн үйгагүй зүтгэлийнхээ үр дүнд Беркелейн Их сургуульд "Монгол судлалын төв" нээх гэж байгаа тухай сонсоод зорьж очсон юм. Дэлхийд нэр хүндтэй энэ сургуульд олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа Хятад, Япон, Солонгос судлалын төвүүдтэй зэрэгцэн "Монгол судлалын төв" байгуулагдах төлөвлөгөөтэй Монгол хөтөлбөр эхэлж байгаа нь хамгийн чухал зүйл. 1950-иад онд Өвөр Монгол гаралтай Хангины Гомбожав гуай "Монгол судлал"-ыг Америкт үүсгэж байсан бол 2015 онд Монголчууд өөрсдөө ийм төвийг сэргээх ажлаа эхэлж байна. Ц.Уранчимэг энэ бүх хугацаанд эрдэмтэн хүний эх оронч сэтгэлээр, бүх л зардлыг хувиасаа гаргаж, ирээдүйд хандсан итгэл үнэмшлээрээ уйгагүй зүтгэлээрээ энэ санаачлагыг ажил хэрэг болгож чадлаа. Түүнд баяр  хүргэх хэрэгтэй юм.

Дэлхийн олон оронд тэр тусмаа Америкт "Монгол судлал" нилээд эрчимтэй хөгжиж байгаа. Индианагийн Их Сургуулийн "Монгол судлал" аас гадна Вашингтон ДС хотноо үйл ажиллагаа явуулдаг доктор М.Саруул-Эрдэнийн удирдсан "Монгол Соёлын Төв", "Монгол Судлалын Бага Хурал"-ыг зохион байгуулдаг болсоор олон жилийг үдэж байна. Энэ бага хурлын нэр нөлөө нь "Олон Улсын" хэмжээнд хүртэл өргөжиж, олон улсын эрдэмтдийг хамарч буй. Энэ бүхэн нь олон улсын эрдэмтдээс Монголыг сонирхох сонирхлыг бий болгож байгаа сайн боломжууд юм. Дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Калифорнийн Их Сургуулийн Беркелейн сургуульд "Монгол Судлалын Төв" бий болох үед дэлхийн хэмжээнд "Монгол Судлал" өргөжин хөгжихөд сайнаар нөлөөлөх болно. Сүүлийн жилүүдэд Монголоос олдож байгаа нэн эртний Монголын олдворууд, Монголын түүхээр Холливуудад кино хийх сонирхол бий болж байгаа нь Монголыг судлах  сонирхолд ч бас хүчтэй нөлөөлж байгаа юм.

Уул уурхайн халууралд хэт автаад байгаа өнөөгийн монголчууд бидний хувьд "Монгол судлал" гэдэг нэршил их л "бүдэгхэн" сонсогдож байгаа нь үнэн. Монголоосоо олдсон анагаах ухаан, шашинтай холбоотой занданшуулсан шарилын ховор олдворыг гадагшаа зарж мөнгө олох гэж сэтгэх хэрнээ, Буриадын нутагт байгаа "Итгэлт хамба"-ын занданшуулсан шарилд мөргөж "өөрийгөө даатгах" гэж мөнгөө төлөн цувж байгаа нь монголчууд бидний өөрсдийн үнэт зүйлдээ "үнэ хүндгүй" хандаж байгаагийн нэгэн жишээ. Монгол хэл соёлоо үл ойшоон гадаад хэллэгээр яриагаа хольцолдуулан чамирхаж байгаа нь бидний үндэсний бахархалдаа хайнга хандаж байгаагийн нэгэн жишээ. Түүх, үндэсний бахархалаа уншиж судлаагүй хэрнээ "Чингисийн монгол" хэмээн цээжээ дэлдэн агсарч байгаа нь арчаагүй мунхаглалын нэгэн жишээ. 13-р зуунаас эхлэн хэдэн зуун дамнуулан дэлхийн хөгжлийг тодорхойлж байсан Монголчууд өдгөө ч дэлхийн сонирхлыг татсаар байгаа. "Монгол судлал" хий хоосон зүйл дээр бус энэ их баялаг түүхийн эх сурвалжууд дээр хөгжих болно. Энэ нь уул уурхайн баялгаас илүүтэйгээр монголчууд биднийг дэлхийд таниулах болно. Бид ч бас өөрсдөө "хэн" болохоо ч таньж мэдэж чадна. Ийм хувь заяа дэлхийн улс үндэстэн бүрд тохионо гэж үү?

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 07:16

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ